Сүүлийн жилүүдэд Франц улс нэг бус удаа алан хядах ажиллагаанд өртсөн нь терроризмын эсрэг олон арга хэмжээ авахад хүргэжээ. Тухайлбал, 2016 онд Үндэсний ассамблейн гишүүд алан хядах үйл ажиллагаанд буруутгагдсан этгээдүүдийг Францын иргэншлээс хасах хуулийн төслийг дэмжсэн.
Харин энэ сарын 3-нд Францын цагдаа нарын эрх мэдлийг нэмэгдүүлэх хуулийн төслийг парламентаар сайшаасан билээ. Ийнхүү цагдаа нар өөрсдийгөө хамгаалах зорилгоор төдийгүй шаардлагатай гэж үзсэн нөхцөлд буудах эрхтэй болсон.
Үүнээс гадна алан хядах ажиллагааны эсрэг шинэ хуулийн төсөл нь шалгалт хийх, сэжигтэн этгээдийг шүүхийн шийдвэргүйгээр гэрийн хорионд байлгах эрхийг үүсгэж буй юм. Тэр ч бүү хэл лалын сүм, шашны бусад байгууллагын ажилтнууд болон үйлчлүүлэгчид радикал үзлийг дэлгэрүүлж байгаа нь тогтоогдвол хаах ч эрхтэй аж.
Үндэсний ассамблейгаас түүнчлэн хэвлэл мэдээллээр алан хядагчдын нэр, зургийг нийтлэхийг хориглосон хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэвлэлийн эрх чөлөөний хуульд оруулж буй энэхүү өөрчлөлтөөр алан хядагчийн зураг, нэр хэвлэгдсэн тохиолдолд 15 мянган еврогоор торгох юм байна.
Үндэсний аюулгүй байдлын асуудал
Францын иргэн Лион Коронтан энэхүү хуулийн төслийг багш, эмч нарт нийгэм дэх радикалуудыг илрүүлэхэд нэн тустай гэж үзэж байна. “Энэ бол үндэсний аюулгүй байдлын асуудал. Миний хувьд тэдний хувийн асуудал хамаагүй ч тэд манай нийгэм, олон нийтийн байгууллагыг үгүйсгэж байна. Надад тэд юу гэж бодох нь хамаагүй” хэмээн тэмдэглэжээ.
Францын эмч Шарль эмчийн нууцын зэрэглэлийг задлах нь мэргэжилтнүүдэд асуудал үүсгэдэг гэдэгтэй санал нэг байна. Тухайлбал, эмч нар нийгмээ аюулаас хамгаалах, өвчтөнийхөө тухай мэдээллийг нууцлах үүргээ хүлээхийн аль нэг шаардлагыг сонгох хэрэг гардаг байна. Тиймээс ч Шарль Үндэсний ассамблейн шинэ хуулийн төслийг дэмжиж байна. “Заримдаа өвчтөн нь аюултай өвчнийг тээгч тохиолдолд эмчийн нууцаа зөрчих шаардлага үнэхээр тулгардаг” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.