Энэ оны есдүгээр сарын 11-нд “The New Yorker” дээр хэвлэгдсэн “Санаандгүй алуурчны гэмшил ба шившиг” нийтлэл үйлдлээсээ үл хамааран хэн нэгний аминд хүрсэн хүний тухай өгүүлэх аж. Машины осол болсон өдрөөс хойш 40 жил өнгөрсөн ч өөрийгөө буруутгасаар байгаа эмэгтэйн уг түүх үхлийн нөхцөл байдлаас үл хамааран хүний үнэт амь алдагдана гэдэг ямар их уй гашуу дагуулдгийг харуулах зорилготой.

Уг нийтлэл хэвлэгдсэнээс 17 хоногийн дараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Төрийн ордноо хэвлэлийн бага хурал хийлээ. Ингэхдээ тэрбээр түүний зорчиж явсан машиныг нь мотоциклтойгоо мөргөж, амь насаа алдсан нэгэнд дэндүү хүнлэг бус хандсан.

Эрхэм гишүүн болсон үйл явдлыг тайлбарлахдаа тэр чигтээ өөрийгөө л өмөөрсөн нь юутай увайгүй.

“Үхсэн хүн үг хэлдэггүй” гэх маягтай, хачин цэвдэг хандаж буй нь түүний ярианы өнгө, биеийн хэлэмжээс тодорхой харагдсан. Талийгаач ахыг нь “Согтуу байсан” хэмээн хэдэнтээ зарласан эрхэм гишүүний мэдэгдлийг сонссон дүү нь “Ядарсан борчууд биднийгээ их муухайгаар хэлж байна лээ. Төрийн сайд хүн жирийн иргэнээ тэгж доромжилж болохгүй л дээ. Ахыг минь үг хэлж чадахгүй гэж бодож байгаа бол эгч, дүүс нь амьд сэрүүн байгаа” гэж хоолой зангируулах нь аргагүй.

Болсон явдалд буруугүй гэдгээ ойлгуулахыг зорьсныг тань гадарлаж байна. Гэхдээ талийгаачийг элдвээр хэлэлгүйгээр ард түмэндээ ойлгуулах арга байгаагүй гэж үү. Монголчууд өөд болсон хүний араас муу хэлдэггүй, сүүлчийн замд нь үдэхдээ хүртэл хүний ёсоор ханддаг ард түмэн. Харин та ядаж л үгийнхээ эхэнд эмгэнэл илэрхийлж, тийм зүйл ярьж буйдаа уучлал эрээгүй. Угтаа тэр хүн таныг түшээ болгож, өөд нь гаргасан түмэн олны төлөөлөл, энэ улсын тань эд, эс байсан юм.

Бид Н.Номтойбаяр гишүүн таны мууг үзэх гэсэнгүй. Хүний мөс, ёс зүй хаачив гэмээр болсон үед төрийн түшээд сайны бус, муугийн үлгэр жишээ болж байгаад эмзэглэж байна. Ёс зүйгүй үйлдэл гаргасан УИХ-ын гишүүдийн бас нэгэн жишээ бол Д.Гантулга. Түмнийг төлөөлөн төр түшилцэж яваа гишүүн Д.Гантулгын үйлдсэн гэгдэж буй хүчингийн хэргийн дуулиан дэгдээд даруй дөрвөн сар өнгөрөхөд, өнөөдөр эл явдлын талаар хохирогч, түүний өмгөөлөгч болон улс төрийн ашиг сонирхол бүхий зарим нэгнээс өөр сонирхох хүн үгүй болж гэлтэй.

…Гэр бүлээс гадуур харилцаатай байснаа хүлээн зөвшөөрч, дотуур өмдөө өмссөн, өмсөөгүй хэмээн өөрийгөө төдийгүй Монголын төрийг доог тохуу болгож буй үйлдлийг нь бид хүлээн зөвшөөрч болохгүй.
Гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нэр төрийг хүндэтгэх, Төрийн ордонд биеэ зөв авч явах, ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэх дүрмээ зөрчиж байна…

Энэ сарын 2-нд УИХ-ын намрын ээлжит чуулганыг нээхтэй хамт Ёс зүйн дэд хороо Д.Гантулга гишүүнтэй холбоотой асуудлаар гэнэт хуралдсанаас хойш юу болж өнгөрөв. Дэд хороонд хохирогч болон түүний өмгөөлөгчөөс хоёр янзын гомдол ирүүлээд байсныг эргэн сануулъя.

Дэд хорооныхон хуулийн байгууллагаар шалгаж байгаа гэдэг үндэслэлээр хохирогчийн гомдлыг хэлэлцэхээс татгалзаж, өмгөөлөгч “Веритас партнерс” фирмийнхийг л авч үзсэн юм. Өмгөөлөгч талын зүгээс “Гишүүн Д.Гантулга үүссэн асуудалтай холбоотойгоор Төрийн ордонд мэдээлэл хийсэн нь ёс зүйгүй үйлдэл” гэх агуулга бүхий гомдол гаргасан бөгөөд энэ талаар гишүүнээс өөрөөс нь тайлбар авахаар хаалттай хуралдаанаас шийдвэрлэсэн ч өнөө хэр сураг алга.

Үүнтэй холбоотойгоор гишүүдийнхээ ёс зүйгүй үйлдэлд парламент ёс зүйтэй хандаж байна уу гэдэг асуулт зүй ёсоор тавигдах нь. “Веритас партнерс” фирмээс илгээсэн гомдлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэх хуулийн хугацаа нь яагаа ч үгүй байтал хэлэлцсэн нь хардлага төрүүлж буйг шуудхан хэлчихье. Өөрөөр хэлбэл, Д.Гантулгын хувь заяаг хууль хүчний байгууллага биш, улс төрийн тохиролцооны замаар шийдчих вий гэсэн болгоомжлол төрж буйг нуух юун.

Дэд хороо гомдлыг хүлээн аваад 30 хоногийн дотор холбогдож буй гишүүнд нь танилцуулж, 45 хоног хангалтгүй бол дахин 30 хоногоор сунгасны эцэст хэлэлцэх журамтай атал сар ч хүрэхгүй хугацааны дотор хуралдан, тайлбар авахаар болсон юм. Энэ нь шинэ Ерөнхий сайд, Засгийн газрыг томилох эгзэгтэй үетэй давхцаж буй нь ийн хардахад хүргэж буй юм.

Д.Гантулга гишүүн хүн хүчирхийлсэн, эсэхийг бид бус, хуулийн байгууллага тогтоох байх. Гэхдээ наад зах нь гэр бүлээс гадуур харилцаатай байснаа хүлээн зөвшөөрч, дотуур өмдөө өмссөн, өмсөөгүй хэмээн өөрийгөө төдийгүй Монголын төрийг доог тохуу болгож буй үйлдлийг нь бид хүлээн зөвшөөрч болохгүй.

Улс төрийн өндөр соёлтой аливаа орны улстөрч ийм хэрэгт холбогдсон бол их л өөрөөр хандах байсан. АНУ-д гарсан секстэй холбоотой хэргийн дараа улстөрчийн карьер хэрхдэгийг харуулсан инфографикаас өөрийн буруугаа хүлээн, ард түмэн, эхнэр хүүхдээсээ уучлалт гуйн, ажлаа өгсөн хүмүүсийн тоо эрс өссөнийг харж болно.

Энэ нь нийгмээс үзүүлэх дарамт шахалттай холбоотой гэж судлаачид үзэж байна. Өөрөөр хэлбэл, таван настай охиныг хойт эцэг нь хүчирхийлсэн гэх мэт аймшигт хэрэг гарах болсон энэ цаг үед УИХ-ын гишүүдэд ёс зүйн өндөр шаардлага тавихгүй байгаа бидний ч буруу бий. Үнэндээ бид бүр дөжирчихөж. Монголын улстөрчид, албан тушаалтнуудын увайгүй үйлдэлд уусаж, ёс зүйгүй байдлыг нь уучлах учиргүй сэн, уг нь бид.

Гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нэр төрийг хүндэтгэх, Төрийн ордонд биеэ зөв авч явах, ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэх дүрмээ зөрчиж байна. Бид “Төрийн сүлд минь өршөө” хэмээн ханцуйдаа залбирдаг ард түмэн. Ийм улс орны төрийн эрх барих дээд байгууллага болсон УИХ-ын гишүүдийг “халдашгүй байдал”-аар “зэвсэглэдэг” нь тэдэнд давуу эрх, хуулиас дээгүүр алхах боломж бус, гагцхүү албан үүргээ саадгүй гүйцэтгэх нөхцөл бүрдүүлэх зорилготой.

Энэ хэрээр тэднээс өндөр үүрэг хариуцлага, ёс зүй шаарддаг. Харамсалтай нь, “халдашгүй байдал”-аар халхавчилсан гишүүдэд хууль үйлчилдэггүй гэх ойлголт нэгэнт бий болоод буй. Үнэндээ энэ нь гишүүн Н.Номтойбаяр, Д.Гантулга өөрийгөө өмөөрч, хаацайлаад өнгөрөх төдий хэрэг биш юм.

Ард түмнийг сайн, сайхан зүйлд уриалж, үлгэрлэж, түүчээлэх ёстой түшээд нийгэмд болж, бүтэхгүй байгаа олон зүйлтэй холбогдон, “гол дүр”-ээр тодроод зогсохгүй, юу ч болоогүй мэт аашилж буй нь биднийг нэгэнт цочроохоо байх нь. Түшээдийнхээ энэ мэт үйлдэлд гайхахаа байж, болох л ёстой зүйл мэтээр ойлгох болсон түмэн олны хөлд ёс зүй, үнэт зүйлс нь гишгэгдэхэд гайхах зүйлгүй биз ээ.

Эх сурвалж: Б.НОМИН

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн