Өнөөдөр (2017.10.13) Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музейд Японы алдартай гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт боллоо. Нээлтийн арга хэмжээнд Ерөнхийлөгч Х.Баттулга ирж оролцов. Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан гаргаж буй гэрэл зурагчны үзэсгэлэн 2017 оны аравдугаар сарын 13-22-ныг хүртэл үргэлжлэх юм.

Үзэсгэлэнд түүний 1983-1992 онд авч байсан түүхэн зургууд дэлгэгджээ. Тухайлбал, монголчуудын социализмаас ардчилал руу орсон 25 жилийн хугацаанд эрх чөлөөг эдэлсэн иргэдийн ахуй амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг харуулах бүтээлүүд тавигдаж байна. Тодруулбал, Үндэсний соёл амралтын хүрээлэнд бэлчиж буй буганууд, авто машины түгжрэлгүй зам, хоосон шахам дэлгүүрийн тавиурууд гээд тухайн цаг үеийнхний ой санамжид дурсамж болон үлдсэн шилжилтийн үеийн бодит дүр зургууд багтаж байгаа юм.

Сүгияама Тэрүзо 1984-1987 онд ЮНЕСКО-гийн ивээл дор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Ням-Осорын Цүлтэмийн эмхэтгэсэн “Монгол зураг”, “Монголын гоёл чимэглэлийн урлаг”, “Монголын уран баримал”, “Монголын уран барилга” судалгаа, сурталчилгаа цуврал дөрвөн номын нэг “Монголын шашны уран бүтээл” номын гэрэл зургийг авч Монгол Улсын соёлын өвийг дэлхийд сурталчлан таниулсан гавьяатай нэгэн.

 Н.Цүлтэм гуайн энэхүү цуврал бүтээлүүд орос, англи, франц, испани хэлээр хэвлэгдэн Герман, Болгар, Унгар, Япон, Орос улсад дэлгэдэж Монголын дүрслэх урлагийг дэлхийд суртачилахад томоохон хувь нэмэр оруулсан билээ.

Харин Сүгияама Тэрүзо “Монголын шашны уран бүтээл” төслөөс гадна “Монголын дүрслэх урлаг”, “Монголын сүм, хийд, архитектур”, “Монголын түүх болон дүрслэх урлагийн коллекц” зэрэг каталогийн гэрэл зургийг авч, Япон Улсад Монголын соёлыг өвийг сурталчлан бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Түүний хийж бүтээсэн хөдөлмөр, Монгол Улсыг гадаадад сурталчилсан ажлыг манай төр засгаас үнэлж, 2001 онд Алтан гадас одонгоор шагнаж байсан юм.

Бурхан шашины сэдэв хаалттай байх үед ирж гэрэл зураг авсан Сугияама гуай бурхадын гэрэл зургийг ямар өнцгөөс харж авсан талаараа “Би бурхан болгоны мөн чанарыг дотроо төсөөлж, үүнийгээ гэрэл зургаар дамжуулан гаргахыг зорьсон. Үзэж буй хүн гэрэл зургийг биш тэрхүү бурханг харж байгаа юм шиг бодит мэдрэмж аваасай гэж хүссэн. Ариун дээд бурханы зургийг авахын тулд сэтгэл хир буртаггүй байх учиртай. Үгүй бол тэр зураг санасан хэмжээнд хүрэхгүй. Дадлага туршлагадаа тулгуурлаад би цаг зав, сэтгэлээ зориулж эдгээр зургийг авсан” хэмээн ярьж байна.

Мөн энэ гайхалтай соёлын өв одоогийн хүмүүсийн өмч биш, хойч үеийн өмч юм. Бид эдгээр бүтээлийг хадгалж, шилжүүлэх л үүрэгтэй. Соёлын өвөө хэр зэрэг сайн хадгалж, дээдэлж байгаагаас тухайн улс орны иргэдийн соёлын түвшин харагддаг хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

\

 

 

 

 

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн