Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо энэ сарын 14-19-нд зохион байгуулагдана. 77 орны 1300 оролцогч 51 мэргэжлээр ур чадвараа харуулах бөгөөд Монгол улс энэ удаад мужаан, өрөг угсралт, тогооч, цахилгаан, сантехник, гагнуур гэсэн зургаан төрлөөр оролцож байна. Монголын оролцогчид 11-нд Арабын нэгдсэн Эмират улсад хүрэлцэн ирсэн бөгөөд маргааш нь “Нэг сургууль, нэг орой” арга хэмжээнд оролцлоо. Энэхүү арга хэмжээ нь Дэлхийн ур чадварын оролцогчид өөрийн улс орны тухай Эмиратын дунд сургуулийн сурагчдад танилцуулах, нэг өдрийг хамтдаахөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилготой юм.

Абу Даби дахь Германы олон улсын дунд сургуулийн удирдлага болон сурагчид Монголын оролцогчдыг халуун дулаанаар угтан авлаа. Энэхүү сургууль нь АНЭУ-даа суралцагсдын тоогоороо толгой цохьдог бөгөөд 450 гаруй сурагчтай ажээ. Хөтөлбөрийн дийлэнх хувь нь герман, англи хэл дээр явагддаг, удирдлага болон бүх багш нар нь Герман улсаас уригдан ирсэн гэдгээрээ онцлогтой сургууль юм байна.

Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцож буй монголын зургаан оролцогч тус бүр өөрийгөө англи хэлээр танилцуулан, Монголын тухай сонирхож асуусан багш, сурагчдын асуултад нь хариулсан юм. Улмаар мужаан, тогооч, өрөг угсралтын оролцогчид сурагчдын дунд өөрийн мэргэжлийн онцлогийг харуулсан тэмцээн зохион байгууллаа. Монгол Улсын газрын зургийг уран хөрөөгөөр хөрөөдөх, Дубайн дэлхий алдартай Бурж Халиф цамхагийг модон тоглоомоор өрөх, жимсээр гоёмсог чимэглэл хийлгэх зэрэг тэмцээнд сурагчид идэвхтэй оролцон, маш өрсөлдөөнтэй боллоо.

Тус сургуулийн сурагчид энэ ням гаригт ирж тэмцээн үзэх хуваарьтай бөгөөд Монголын оролцогчид дээр ирж сургуулиараа дэмжинэ гэдгээ илэрхийлж, монголын оролцогчдод урам өгсөн юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн