-Ай хөөрхий, АТГ гэж нэг зовлонтой байгууллага байдаг юм байна. Жараахайгаар хөөцөлдлөө гэж загнуулна. Тул бариад авахаар нөгөө тул нь чамайг байхгүй болгоно гэж эргээд айлгана. Дуулсан сайн нэргүй, шүүмжлэл биш хараал, заналхийллээр дүүрэн-
Саяхан өдөр тутмын сониноос Индонезийн Авлигатай тэмцэх хороо улс төрийн дарамт, шахалтад ороод байгаа тухай багавтар мэдээ уншлаа. Хаа газар зовлон, жаргал адил байдаг бололтой. Хүн байгаад хүний араншин гарах цаг хугацаа, орон зайд үйлдэл, хөдөлгөөн ижил бөгөөд үйл явдал төстэй байх ажээ. Индонезийн авлигатай тэмцэх байгууллагын тухай уншаад улсынхаа Авлигатай тэмцэх газрыг хэсэг бодолхийлэв. Ер нь ийм байгууллага хэрэгтэй юм уу, яагаад захын хүний хэл амны үзүүрт энэ байгууллага хэлэгдэж, чичлэгдэж байдаг юм бол гэж.
Индонези улсын Авлигатай тэмцэх хороо нь 2002 онд байгуулагдсан бөгөөд иргэдийнхээ дунд хамгийн нэр хүндтэй байгууллага болжээ. Хороо нь өөртөө авлигын хэргийг мөрдөн шалгах болон прокурорын давхар эрхтэй тул үүсгэсэн хэргүүдийнхээ 99.9 хувийг шүүхээр шийдвэрлүүлж чаддаг юм байна. Гэтэл сүүлийн жилүүдэд тус улсын улстөрчдийн зүгээс Авлигатай тэмцэх хорооны бие даасан, хараат бус байдлыг алдагдуулахаар заналхийлж эхэлжээ. Хорооны мөрдөн шалгах, яллах үүргээ биелүүлэхэд нь саад учруулах болов гэнэ. Үүний тулд төсвийг нь хасах, танах, хүний нөөцийнх нь бодлогод халдах, бүтэц зохион байгуулалтыг нь өөрчлөх, хуулиар олгогдсон эрх мэдлийг нь хумих зэргээр улс төрийн бодитой дарамт, шахалт үзүүлэх болжээ.
2017 онд жилийн нийт төсвийнх нь 26 хувь буюу 19.3 сая ам долларыг хассан. 2015 оны 12 сард Төлөөлөгчдийн их хурлаас авлигатай тэмцэх салбарт ажилласан туршлагагүй 5 комиссар буюу даргыг нэр дэвшүүлж, Ерөнхийлөгч Жоко Видодо томилсон нь хорооны бие даасан байдлыг сулруулах гэсэн оролдлого гэж Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага болон “Транспэрэнси интернэйшнл” шүүмжилж байжээ.
Авлигатай тэмцэх хорооны хүч чадлыг доройтуулах, сулруулах оролдлого гарах бүрт Индонезийн иргэд гудамжинд гарч жагсдаг гэнэ. Иргэдийнхээ энэ хамгаалалтын хүчээр Хороо оршин тогтносоор байгаа бололтой. Хороо энэ бүх хугацаанд амжилттай ажиллаж ирсний бас нэг учиг нь “Хороо нь өөрийн үндсэн үүрэг болох мөрдөн шалгах болон яллах үүргээ бүх төрлийн гадны нөлөөллөөс ангид гүйцэтгэх эрхтэй” хэмээн хараат бус, бие даасан байдлыг нь хуулиар баталгаажуулсан явдал юм байна.
Генерал Сухарто 1968 онд энэ улсын Ерөнхийлөгч болж, АНУ-аар тэтгүүлснээр түүний тэргүүлсэн 30-аад жилд улс орны эдийн засаг тэнхэрсэн ч Сухартогийн дарангуйлал авлигыг өндийлгөж байсан гэж түүхийн хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ. Сухартогийн цэцэглүүлсэн авлигын хүрээг хумьж чадсан Авлигатай тэмцэх хороо одоо цагт орших, эс оршихын заагт тулж ирээд байна.
Ердөө тавиадхан жилийн өмнө төрийн эргэлт гаргаж байсан, дотоодын самуун, тэмцэл ихтэй, хамгийн сүүлд гэхэд л 2005 онд салан тусгаарлах үзэлтнүүд засгийн газрын цэрэгтэй мөргөлдөөн үүсгэсэн гээд харьцангуй тогтворгүй төр, засагтай Индонезийг манай улстай адилтгаж болохгүй байх л даа. Гэхдээ тэдний, манай хоёрт яах аргагүй ижил явдал тохиолдоод байна.
Монголд АТГ 2007 оноос ажиллаж эхэлсэн. Дөнгөж 10-хан жилийн настай. Индонезийн Авлигатай тэмцэх хорооноос 5 насаар дүү юм. Энэ тусгай байгууллага байгуулагдахаас өмнө Монголд авлигатай хэн тэмцэж байсан бэ, эсвэл авлига байгаагүй юу гэсэн асуулт тавигддаг. АТГ байгуулагдахаас өмнө 10 мянга гаруй цагдаа, 400 орчим прокурор, 300 шүүгч, мөн тагнуулын байгууллага авлигатай тэмцэж байсан. Тэд бүгд орон нутагт салбартай байгууллагууд. Гэвч улс төрийн түвшинд, мөн тухайн үед олон нийтийн шахалт шаардлагаар, олон улсын байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж Монгол Улсын Их Хурал Авлигатай тэмцэх газар хэмээх бие даасан, хараат бус, төрийн тусгай байгууллага байгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байдаг.
Энэ шүүх, прокурор, цагдаа чинь худалдагдчихлаа гэж үзсэн учраас авлигатай тэмцэх тусгай байгууллага байгуулсан нь тэр юм. 100 гаруй хүнтэй, орон нутагт салбаргүй АТГ аймаг бүрт “хөл”-тэй цагдаа, шүүх, прокурор, тагнуулын байгууллагын дэргэд үнэндээ л өчүүхэн. Шинэхэн байх үедээ жараахайтай хөөцөлдлөө гэж баахан шүүмжлүүлсэн. Анхны дарга нь гадаадад томилолтоор явж байхдаа өвчнөөр өөд болж, удаах дарга нь төсвийн мөнгө шамшигдуулсан гэх хэрэгт унаж шоронд орсон. Гурав дахь дарга нь гэнэт өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөөд алга болсон. Одоо Х.Энхжаргал дөрөв дэх дарга нь юм. Тэрээр ажлаа эхлүүлээд ердөө жил гаруйн хугацаа болж байна. Гэтэл түүнд бас улс төрийн бодитой дарамт, шахалт тулгарч байх шиг байна. Энэ дарамт, шахалт шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн зүгээс гарч байгаа нь маш илэрхий байна.
Дарга тэсгээдэггүй АТГ-ын нууц нь АТГ-т өөрт нь байгаа юм биш. Өмнөх Ерөнхийлөгчийнхөө томилгоог үгүйсгэсэн дараагийн шинэ Ерөнхийлөгчийн алхам гэдэг нь илэрхий болсон. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа хамгийн түрүүнд хийсэн ажлуудын нэг нь АТГ-ын дарга Ч.Сангарагчааг зайлуулах байв. Учир нь Ч.Сангарагчааг Н.Энхбаяр санал болгож томилуулсан билээ. Уг нь АТГ-ын даргыг ажиллуулах хугацааг хуульд 6 жилээр зааж өгсөн нь Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдийн сонгогдон ажиллах 4 жилийн хугацаанаас зориуд зөрүүлсэн хэрэг шүү дээ. Сонгуулийн үр дүнгээс хамааран солигдоод байлгахгүй гэж тэгж хуульчилсан юм.
Гэтэл Ц.Элбэгдорж Н.Энхбаярын томилсон хүнийг АТГ-ын даргаар ажиллуулахыг хүссэнгүй, өөрийн хүнээ тавина гэж зүтгэв. Энэ зүтгэл талаар болсонгүй. 2011 оны хавар АТГ-ын 2 дарга шорон руу ачигдав. Дараагийн дарга Н.Ганболд 5 жил ажиллаж байгаад нэг өдөр гэнэт өргөдлөө бичсэн байдаг. Хэвлэлээр бичсэнийг үзвэл, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өрөөнд сууж байхдаа нүүрэн дээр нь харуулж байгаад өргөдлөө яаран таталган бичсэн гэдэг. Бүрэн эрхийн хугацаагаа дуусгалгүй, тэтгэвэртээ гарна гэж өргөдөлдөө бичсэн энэ хүн одоо Хилийн тагнуулын даргаар томилогдон ажиллаж байгаа. Тэтгэвэртээ гарсангүй, тэгэхээр өөр учир шалтгаан буюу дарамт, шахалтад орсон байжээ гэж ойлгогдоно.
2017 оны зун Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга АТГ-ын дарга Х.Энхжаргалыг мөн л таалахгүй байна. Яагаад гэвэл түүнийг Ц.Элбэгдорж санал болгож томилуулсан болохоор тэр. Нэгэнт өмнөх Ерөнхийлөгчөө үгүйсгэх жишгийг Ц.Элбэгдорж өөрөө тогтоосон учраас Х.Баттулга ч бас үүнээс гажихгүй нь лавтай. Түүнд өөрийн хүнээ томилох шаардлага байгаа биз. Х.Энхжаргалыг хавчих оролдлого АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг шинээр бүрдүүлж, даргаар нь гудамжны жагсагч Г.Баасанг тавьснаар ил болов. Г.Баасан нь даалгавраа өвөртөлчихсөн, дүрдээ итгэчихсэн, АТГ-ын дарга Х.Энхжаргалыг авч хаях ажлыг зугуухан гүйцэтгэж байна. Тэмцэгч Г.Баасан мөн л улс төрийн зорилгоор АТГ-ыг хянана гэж давшлах болов. Зарим үед АТГ-ын нэр барьсан мэдэгдэл хийж, хуулиар олгоогүй эрх мэдлийг үзүүлж байгаа нь харагдана.
АТГ-т үзүүлдэг дарамт, шахалт Индонезийн Авлигатай тэмцэх хороотой ижил агуулгаар бас хийгдэж байсан. Энэ 2 байгууллагын төсвийг танаж, тэр байтугай хуульд заасан “АТГ-ын төсвийг өмнөх жилийнхээс бууруулан батлахыг хориглоно” гэсэн эдийн засгийн баталгааг нь хүртэл 2015 онд эрх баригчид авч хаясан билээ. Манай АТГ анх байгуулагдахдаа Хонконгийн авлигатай тэмцэх комиссын жишгээр бүрдсэн бөгөөд энэ комиссын дэд даргаар олон жил ажилласан Тони Квок гэгч хүн “Танай улс төсвийнхөө 0.3 хувийг АТГ-таа өгч чадвал авлигатай амжилттай тэмцэж чадна” гэж зөвлөсөн байдаг юм билээ.
Хонконгийн авлигатай тэмцэх комисс нь өөрөө ийм хэмжээний төсөвтэй ажээ. Гэтэл манайд АТГ-ынхаа төсвийг улам бүр танасаар байгаа. Уг нь АТГ улсын төсвөөс зөвхөн авдаг байгууллага биш. Төсөвт мөнгө төвлөрүүлдэг байгууллагуудын нэг. Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлж ажилладгийн хувьд жил бүр 4-5 тэрбум төгрөгийг төсөвт оруулдаг гэж хэлж болно. Авлигын гэмт хэргийн улмаас одоогоор 30-аад тэрбум төгрөгийн хохирол учраад байгаа гэсэн статистик бий. Тэгэхээр энэ хэмжээний мөнгийг АТГ ямар нэгэн айдас дарамт, шахалтгүйгээр ажиллаж байж буруутай этгээдээр нөхөн төлүүлж чадна. Энэ бол хамгийн энгийн логик.
Төсвийг нь хасах бага хэрэг. АТГ гэж хэнд ч хэрэггүй байгууллага гэсэн ойлголтыг иргэдэд, нийгэмд төрүүлэх нь хамгийн аюултай. АТГ-ын гадаа даргыг нь огцрохыг шаардаж жагсах, иргэдээс гарын үсэг цуглуулах, энэ байгууллагыг татан буулгахыг УИХ-аас хүсэх зэрэг бол үнэндээ үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн хүмүүсийн санаачилга, хөдөлгөөн огт биш билээ. Харин тодорхой улс төрийн хүчнээс, хүнээс захиалан хийлгэж буй гэдэг нь ойлгомжтой байгаа.
АТГ үнэхээр хэрэггүй байгууллага мөн үү? Төрийн албан хаагчдыг цочроож, айх ичих булчирхайг нь хөндөж байдаг АТГ-ыг татан буулгах нь зөв алхам уу? НҮБ зэрэг олон улсын байгууллагуудын өмнө авлигатай тэмцэх чиглэлээр Монгол Улсын хүлээсэн үүрэг хариуцлагыг хөсөрдүүлэх үү? Эсвэл байгууллагыг нь татан буулгана гэж сүрдүүлж байж даргыг нь огцруулах санаархал уу? Аль ч тохиолдолд АТГ-ыг болон түүний албан хаагчдын урам зоригийг мохоож, иргэдийн АТГ-т итгэх итгэлийг эвдэн сүйтгэх нь улс төрийн дарамт, шахалтын нэг хэлбэр мөнөөсөө мөн билээ. Манай иргэд ямар Индонезийн ард иргэд шиг авлигатай тэмцэх байгууллагаа өмөөрөн жагсах биш дээ.
Авлигатай тэмцэнэ гэдэг амаргүй ажил. Авлигачид бол боловсролтой, цагаан захтай, цагаан гартай улс. Тэдний үйлдэл нууц далд. Төлбөр нь хэдэн зуун сая тэрбумаар яригдана. Тэд хамгийн өндөр үнээр хамгийн шилдэг өмгөөлөгч хөлсөлнө. Нэгээр тогтохгүй, хоёр гурваар нь хөлсөлнө. Авлигачид авлигын мөнгөөрөө хэвлэл, мэдээллийн хэрэгслийг гартаа оруулсан байдаг. Тэр хэрэгсэл нь өөрийг нь өмөөрч, АТГ-ыг буруутгаж өдөр бүр мэдээлэл цацна. Тэд ярих бүртээ “Намайг улс төрийн зорилгоор хэрэгт холбогдууллаа” гэнэ. Тэдэнд хуулийн дагуу ажиллаж байгаа хуулийн байгууллага огт хамаагүй. Яагаад гэвэл тэд улстөрчид. Улстөрчид бол популистууд. Тэд зөвхөн ард түмэнд таалагдах үг хэлнэ.
Харин АТГ мэтийн хуулийн байгууллагад популизм хэрэггүй. Тэд сонгогддоггүй учраас, ард иргэдээс санал горьддоггүй учраас зөвхөн хуулийн дагуу л ажилладаг. Харин улстөрчид өөрийг нь улс төрийн шалтгаанаар шалгаж байна гэж мэдэгдэж хэргийг замхруулахыг хүсдэг. Өөрөө ял шийтгэгдэхгүйн тулд, хууль бусаар олсон хөрөнгөө хураалгахгүйн тулд тэдэнд ийм амь хоохойлол зайлшгүй хэрэгтэй. Энэ нь ч АТГ болон бусад хуулийн байгууллагад дарамт болж ирдэг. Дээрээс дарсан энэ их хавчлага дунд хуулийн байгууллагуудад дороос нь тулах дэмжлэг уг нь хэрэгтэй байгаа юм. Дороос тулах дэмжлэг гэдэг нь ард иргэдийн итгэл билээ. Гэвч улстөрчид энэ өнцгийг ч бас тооцоолсон тул АТГ бол юу ч хийдэггүй, хэнд ч хэрэггүй, төсвийн мөнгөөр сул цалинждаг, дарга нь 6 саяын цалинтай гэх мэтээр илт худал мэдээлэл тарааж, иргэдийн итгэлийг эвдэхээр оролдож байна.
Ай хөөрхий, АТГ гэж нэг зовлонтой байгууллага байдаг юм байна. Жараахайгаар хөөцөлдлөө гэж загнуулна. Тул бариад авахаар нөгөө тул нь чамайг байхгүй болгоно гэж эргээд айлгана. Дуулсан сайн нэргүй, шүүмжлэл биш хараал, заналхийллээр дүүрэн. Дэлхийн аль ч улсад ялгаагүй, тэдний зовлон нэг юм байна. Мэдээж, улстөрчид нь бохир, үйл ажиллагаа нь шударга биш улс оронд авлигатай тэмцэх байгууллага ажиллах нь тэсвэр тэвчээрийн туйл байх учиртай ажээ.
Аль ч улсын авлигатай тэмцэх байгууллага амжилттай ажиллаж, төрийн өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгаж эхэлмэгцээ улс төрийн дарамт шахалтад орж, хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болох нь нэгэнт ердийн үзэгдэл болоод байгаа гэж олон улсын мэдээнд онцолжээ. Индонези үүний тод жишээ болоод байна. Монголын АТГ ч бас аажмаар энэ тойрог руу орж байна. Хэрвээ АТГ Индонезийн авлигатай тэмцэх хороо шиг өөрөө яллах эрхтэй байсан бол аль хэдийн булшлагдчихсан байх байсан биз ээ.
Н.НАРАНБУЛАГ
2 comments
АТГ байгуулагдаад монголд нэмэр болсон юм юу байна Харин ч авилгыг нуун дарагдуулж, хүчингүй болгож өөрсдөө авилгын сүлжээнд холбогдсон Приустэй хүн ороод 2,3 сар болоод том машин унадаг гэж хүмүүс ярьцгаадаг Хэн ч шалгаж чаддаггүй дархан эрхтэй хүнийг айлгасан байгууллага л болсон Авилгачдыг хашраадаг бол яая гэхэв Тэдний хөрөнгө орлогын мэдүүлэгийг нийтэд ил тод зарлаж баймаар байна
olon ulsad hudlaa temtsej baigaa gej haragdah gej ter. unendee iim butets, sanhuujilt, huulitaigaar avilgiig yag buuruulna daa.