БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын албанаас “БНСУ-ын Гадаадын иргэдийн хяналтын тухай хуулийн 35 дугаар заалт”-ын дагуу тухайн иргэний хувийн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд 14 хоногийн дотор харьяаллын Цагаачлалын албад хандаж өөрчлөгдсөн мэдээллээ мэдэгдэх, зөрчсөн тохиолдолд торгууль оногдуулах болохыг мэдэгдэв.
Гадаадын иргэн шинэ паспорт хүлээн авсан өдрөөс 30 хоног өнгөрсний дараагаар 14 хоног хэтрэлгүйгээр (Гадаад паспорт олгосон огнооноос хойш 44 дэх өдрөөс эхэлж торгууль тооцогдоно) харьяаллын Цагаачлалын албад мэдэгдэнэ. Гадаадад байх хугацаанд шинэ паспорт авсан тохиолдолд хилээр орж ирсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор (хилээр орж ирсэн өдрөөс хойш 14 дэх өдрөөс эхэлж торгууль тооцогдоно) харьяа Цагаачлалын албад мэдэгдэнэ.
Өөрчлөлт хийгдсэн дараах мэдээллүүдийг мэдэгдэнэ, Үүнд: нэр, хүйс, төрсөн огноо, иргэншил, паспортын хүчинтэй хугацаа, олгосон огноо, паспортын дугаар зэрэг болно.
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ