Осама бин Ладены хүү Сири дэх Британийн дайчдын шинэ бай болон хувирлаа. Цэргүүд түүнийг амьд, үхсэн аль нь хамаагүй олж ирэх үүрэг хүлээсэн тухай Daily Mail-д мэдээлжээ. Цэргийнхний үзэж буйгаар “№1 алан хядагч”-ийн 28 настай хүү Хамза бин Ладен эцгийнхээ үйл хэргийг залгамжилж, “Аль-Кайда”-г тэргүүлж эхэлсэн бөгөөд барууны орнуудад хэд хэдэн халдлага хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Үүнийг Хамзагийн хоёр жилийн өмнө нийтэлсэн бичлэг баталж байна. Уг бичлэгт тэрбээр өөрийгөө ганцаардсан чоно хэмээн нэрлээд барууны соёл иргэншилтэй тэмцэхийг уриалан дууджээ. Үүнээс гадна Осама бин Ладены цооног дотроос “Аль-Кайда”-гийн тэргүүн хүүгээ өөрийнхөө залгамжлагч болгон бэлтгэж байсан тухай мэдээлэлтэй захидлууд олдсон байна.
Барууны тусгай албадын мэдээлснээр Хамза бин Ладен өмнө нь Пакистаны газар нутагт нуугдаж байснаа Сири рүү ирсэн гэнэ. Өдгөө тэрбээр алан хядагчдын лидерүүдийн эвслийн топ 10 дайчны нэгд багтаж буй юм. Түүний араас хамгийн сүүлийн үеийн зэвсэг, нисгэгчгүй онгоц, хүний дуу хоолойг таних системтэй 40 хүний бүрэлдэхүүнтэй тусгайгийнхныг илгээсэн аж. Түүнчлэн шилдэг мэргэн буучдыг ч илгээжээ.