Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 23508 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 902 нэгж буюу 3.8 хувиар буурсан, гэмт хэргийн шинжтэй 1063 үйлдэл бүртгэгдсэн нь 135 нэгж буюу 14.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн хугацаанд давхардсан тоогоор эргүүлийн 2403 чиглэлд 6394 алба хаагч үүрэг гүйцэтгэж, гудамж, талбайд үйлдэгдсэн 101 гэмт хэрэг, 5985 зөрчлийг үйлдэл дээр нь илрүүлэн, таслан зогсоож ажилласан байна” гэж танилцуулав.
“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3381 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 100, зөрчлийн шинжтэй 922 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1022 ослыг материалжуулан шалгаж байна. Гудамж талбайд хийсэн шалгалтаар 24901 зөрчил илрүүлж, 24278 хүнийг 709.7 сая төгрөгөөр торгосон байна” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат хэллээ.
НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Өнгөрсөн өдрүүдэд нийслэл хот орчмоор бага зэрэг хур тундас, зарим газраар нойтон цас орж шөнөдөө сэрүүвтэр байсан. Ирэх 14 хоногт Улаанбаатар хот орчмоор сэрүүсч, 7-9-ний өдрүүдэд бороотой, уулархаг газраар нойтон цас орох урьдчилсан төлөвтэй байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт зургаадугаар сарын 20-ны өдрөөс аравдугаар сар хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 4, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 3, нийт 7 удаа малын гоц халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоон нийт 298 толгой мал, 231 гахай, 430 нохойг зориудаар устган ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүрэгт 2, Сонгинохайрхан дүүрэгт 1, нийт 3 голомтод хорио цээрийн дэглэм тогтоон нийт 213 ажилтан, албан хаагч, 86 нэгж техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэн, 110 гаруй мянган тээврийн хэрэгсэл, 1 сая гаруй ам метр талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байна” гэлээ.
“Агаарын чанарыг сайжруулах бүсэд нам даралтын халаалтын зуух ашиглан үйл ажиллагаа явуулж буй 230 ИААН-д хугацаатай албан шаардлага, 25 ААН-д есдүгээр сарын 15-ны өдрөөс халаалтын зуух ашиглуулахгүй байх тухай мэдэгдэл хүргүүлсэн. Албан шаардлага, мэдэгдэл, зөвлөмжийн дагуу 160 обьект цахилгаан халаагуур тавих тухай албан бичгээр хариу ирүүлсэн, 21 ААН-д циклон үнс баригч суурилуулж, шугам сүлжээндээ шинэчлэл хийсэн байна” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.
Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг НИТХ-д өргөн барьсантай холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн болон дэд хороо, намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх тул Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагын удирдлагууд идэвхтэй оролцох нь зүйтэй” гээд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай бригадуудаа бэлэн байлгах, зарим дүүргийн эрүүл мэндийн төвд шинээр байгуулсан мэс заслын тасгуудын үйл ажиллагааг тогтворжуулж, өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйгээр хангаж, үйл ажиллагаанд нь тогтмол хяналт тавих, ханиад томуугийн үе эхлэх гэж байгаа тул дүүргийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төвүүд урьдчилан сэргийлэх бэлтгэл ажилд хяналт тавьж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.