Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор “Миний сонголт-Нийтийн тээвэр” аяныг зарлаж буй талаар Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар өнөөдөр хуралдсан Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд танилцууллаа. Энэ сарын эхнээс нийслэл дүүргийн орон нутгийн төсвөөс санхүүжиж буй байгууллагуудын албан хаагчдын дунд уг аянг эхлүүлээд байгаа аж.
Аяны хүрээнд нийслэл, дүүргийн албан хаагчид ажлын нэг өдрийг сонгон ажилдаа ирэх буцахдаа нийтийн тээврээр үйлчлүүлэхийг Нийслэлийн тээврийн газраас уриалж байгаа юм. Тус газраас нийслэлийн нутгийн захиргааны 85 байгууллагаас судалгаа санал авсан байна. “Судалгаанд хамрагдсан 59 байгууллагын 5373 албан хаагчийн 3696 нь нийтийн тээврийн цахим карттай. Нийтийн тээврээр үйлчлүүлж ажилдаа ирдэг 2671 албан хаагч байгаа бол хувийн автомашинаар ажилдаа ирдэг 2443 албан хаагч байна” хэмээн Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар тодотгож байлаа. Судалгаанд хамрагдсан байгууллагууд 7 хоногийн нэг өдрийг сонгон нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой гэж уг аяныг дэмжихээ илэрхийлж байгаа аж.
Хотын даргын зүгээс уг аяныг дэмжих нь зүйтэй гээд нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг цаг тухайд нь хийж байх, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах зэрэгт онцгой анхаарч ажиллахыг Нийтийн тээврийн газрын даргад үүрэг болголоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.