АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббасыг Цагаан ордонд урьж, өчигдөр (2017.03.10) утсаар ярьжээ. Уулзалтаар гацаанд орсон Ойрхи Дорнодын энхийн хэлэлцээний талаар ярилцах гэнэ. Цагаан ордон энхийн хэлэлцээг сэргээх нь чухал бөгөөд тохиролцоонд хүрэх цаг ирсэн гэж үзэж байгаа юм байна. Ерөнхийлөгч Д.Трамп “Палестин болон Израиль шууд хэлэлцээ хийх хэрэгтэй. Энхийн хэлэлцээр байгуулахын тулд АНУ талуудын аль алинтай ойр хамтран ажиллах болно” гэжээ.
Палестины эх сурвалж ч мөн М.Аббас тун удахгүй Вашингтонд айчлана гэж мэдээлсэн байна. Д.Трамп өнгөрсөн сард Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг Цагаан ордонд хүлээн авч уулзахдаа “Израильтай харилцах харилцаагаа Барак Обамагийн засаг захиргааны үеэс илүү бэхжүүлэх хүсэлтэй байна” гэдгээ илэрхийлсэн юм.