2017 оны эхний хоёр сард Нийгмийн даатгалын сангийн орлого 304.5 тэрбум төгрөг болж өссөн хэмээн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар (ЭМНДЕГ) мэдээлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 63.7 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт аж. Харин зарлага нь 296.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 31.4 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.
Нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн орлого голлон нөлөөлсөн байна. Энэ оны эхний хоёр сард нийгмийн халамжийн сангаас 162.6 мянган хүн 20.3 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж авсан бол нийгмийн халамжийн тэтгэвэрт энэ оны эхний хоёр сард 48.3 мянган хүн хамрагджээ.
Харин нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлтөд энэ оны эхний хоёр сард 204.9 мянган хүн хамрагдан 22.6 тэрбум төгрөг авчээ. Тэдний 14.4 хувь нь ахмад настан, 2.8 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 1.1 хувь нь алдар цолтой ахмад настай иргэд, 0.2 хувь нь нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэд юм байна. Мөн 18 хүртэлх насны 627.7 мянган хүүхдэд 25.6 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид олгосон аж.