Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Ниймгийн хамгааллын тусгай төв Канад улсын Элчин сайдын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллах хүрээнд “Эко төсөл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх төслийн нээлт өнөөдөр (2017.10.05) боллоо. Өнгөрсөн оноос эхлэн судалгаагаа эхлүүлж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн энэхүү төсөл хэрэгжиж эхэлснээр 7-18 хүнийг тогтмол ажлын байраар хангаж, 1000 гаруй бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ. Цаашид бүтээгдэхүүнээ экспортлохоор зорьж байгаа аж.
Нээлтийн ажиллагааг угтан нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Канад улсын Элчин сайдын Хөгжлийн хөтөлбөр хариуцсан зөвлөх Брюс Стийн болон бусад албаныхан, Нийгмийн хамгааллын тусгай төвийн удирдлага, хамт олон, иргэд оролцов. Төслийн хүрээнд хонины ноосоор хийсэн эсгий шаахай, бойтог, дурсгалын зүйл, оймс, малгай, бээлий, цүнх зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд 10.000-40.000 мянган төгрөгийн үнээр борлуулж эхэлжээ.
Тус төв нь гэр оронгүй, нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн хогийн цэгүүд болон томоохон худалдааны төв, орон сууцны хогийн цэгүүд, орц дулааны хонгилд хоноглодог иргэдэд 12 төрлийн багц үйлчилгээ үзүүлж, мэргэшилүүлэн ажлын байртай болгон нийгэмшүүлдэг байна. Өнгөрсөн сард 18 иргэнийг нийгэмд гаргаж ар гэрт нь хүлээлгэн өгсөн бол нийт 120 гаруй иргэнийг ажлын байртай болгожээ. Төсөлд хамрагдаж байгаа гар урлал эрхэлж буй иргэдийн хэлсэнээр өөрсдөө орлогоо олох боломжтой гар урлал чиглэлээр хөдөлмөр эрхлэхэд төр засгаас тусалж дэмжиж байгаа гэнэ.
Гар урлалаар дамжуулан ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, ажлын байр, өрхийн орлогыг нэмэгдүүлэхээс гадна цаашлаад нийгэм эдийн засгийн байдалд үр нөлөөгөө өгөх, дэлхийд Монголын соёлын өвийг танилцуулах өндөр ач холбогдолтой юм.