Каталоны тэргүүн Карлес Пучдемон “ВВС”-д өгсөн ярилцлагадаа Испанийн энэ бүс нутгийн тусгаар тогтнолыг нэг талын шийдвэрээр ойрын өдрүүдэд зарлана гэжээ. Ням гарагт болсон бүх нийтийн санал хураалтаас хойш өгсөн анхны ярилцлагадаа тэрбээр Каталоны Засгийн газар тохирох алхмыг энэ долоо хоногийн сүүлчээс ирэх долоо хоногийн эхээр авна хэмээсэн байна.
Харин Мадридаас мужийг шууд удирдлагадаа авбал (Испанийн Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрдөг) Каталоны засаг захиргаа хэрхэх вэ, эсвэл өөрийг нь баривчилбал яах вэ гэсэн асуултад Пучдемон “Тэгвэл бүх зүйлийг өөрчлөх алдаа болно” хэмээн хариулжээ.
Түүнчлэн тэрбээр одоогоор Мадрид, түүний засаг захиргаа хоёр ямар ч харилцаа холбоогүй байгаа бөгөөд Каталоны үйл явдлыг Испанийн дотоод хэрэг гэж үзсэн Европын комиссын мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Үүнээс өмнөхөн Испанийн хаан VI Филипп Мадрид, Европын холбооны зөвшөөрөлгүйгээр аравдугаар сарын 1-нд тусгаар тогтнох тухай бүх нийтийн санал хураалт явуулж, оролцогч болон хууль сахиулагчдын дунд мөргөлдөөн үүсгэсэн Каталоны засаг захиргааг аюултай, хариуцлагагүй үйлдэл хийлээ гэж буруутгажээ. Хааны хэлснээр Каталоны засаг захиргааны хариуцлагагүй үйлдэл Испанийн эдийн засгийн тогтвортой байдалд нь аюул заналхийлэл учруулсан гэнэ.
VI Филипп телевизээр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ Испани улсад үүссэн нөхцөл байдал тун ноцтой хэмээн тэмдэглээд нэгдэн нийлэхийг уриалсан байна. Үүнээс гадна тэрбээр бүх нийтийн санал хураалтыг хууль зөрчиж явагдсан гэжээ.
Бүх нийтийн ажил хаялт
Тэгвэл мягмар гаргат үйлдвэрчний эвлэлүүдээс Каталонд бүх нийтийн ажил хаялт зарлаж буйг мэдэгдсэн байна. Эсэргүүцэгчид Каталоны гол замуудыг хаасны улмаас тээврийн хэрэгсэл олон чиглэд гацжээ. Барселонагийн бөөний бүтээгдэхүүний томоохон зах болох “Меркабарна” мягмар гарагт хүнгүй байсан бөгөөд 770 орчим ажилтан нь ажил хаясан аж.
Түүнчлэн Барселонагийн тэнгисийн боомт ч ажлаа зогсоосон тухай үйлдвэрчний эвлэлээс мэдээлжээ. Хотын метро ч бараг ажиллаагүй байна. Тэгвэл Барселонагийн нисэх онгоцны буудал энгийн цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулсан байна. Түүнчлэн Барселонагийн такси ч ажиллажээ.
Үйлдвэрчний эвлэлийн мэдэгдэлд дурдсанаар өнгөрсөн ням гарагт бүх нийтийн санал хураалт явуулах үеэр хүний эрх, эрх чөлөөг дээд зэргээр зөрчсөнд дургүйцлээ илэрхийлэн ажил хаяж буй аж.
Санал хураалт ба эмх замбараагүй байдал
Бүх нийтийн санал хураалтыг эхлэхээс л өмнө Испанийн Үндсэн хуулийн шүүхээс үүнийг хууль бус хэмээн мэдэгдсэн. Гэвч тус санал хураалтад 2.2 сая орчим хүн оролцсон тухай бүсийн засаг захиргаанаас мэдээлжээ.
Сэтгүүлч, сурвалжлагч нарын олсон мэдээллээр цагдаа нар санал авах байрыг битүүмжилж хаасны дараа идэвхтнүүд саналын хуудсыг хүссэн хүн бүрт гудамжинд тарааж байсан гэнэ. Ингээд санал хураалтын үеэр цагдаа, идэвхтнүүдийн дунд мөргөлдөөн гарч, хэдэн зуун хүн гэмтэж бэртсэн байна. Санал хураалтыг ямар нэгэн аргаар зогсоох зааварчилгаа авсан цагдаа нар заримдаа резинэн сумтай буугаар хүртэл бууджээ. Каталоны засаг захиргааны мэдээлснээр мөргөлдөөний үеэр 33 цагдаа гэмтжээ.
Өдгөө цагдаагийн удирдлагууд үүссэн нөхцөл байдлаас гарах гарцыг эрэлхийлж байна. Каталоны Засгийн газрын тэргүүн бүс нутгийн статусын асуудлаар Мадридтай шинээр зөвшилцөх шаардлагатай гэж мэдэгдсэн Мариано Рахой тэргүүтэй Испанийн Засгийн газар Каталоны өөртөө засах статусыг нь халж болзошгүй талаар ярилцаж эхэлжээ.
Ням гарагт санал өгсөн Каталоны иргэдийн 90 орчим хувь нь бүс нутгаа тусгаар тогтносон улс болгохыг дэмжсэн. Гэвч ирц ердөө 42 хувьтай байсан нь Пучдемоныг Мадридтай Каталоны статусын асуудлаар хэлэлцээр явуулахад хүчийг нь сулруулж байгаа аж.
Э.ЗАЯА