Иракийн нефтийн 1/3-ыг дангаараа олборлодог Иракийн Курдистан тусгаар тогтнох тухай бүх нийтийн санал хураалт явуулсныхаа горыг амсаж байна.
Мягмар гарагт л гэхэд Иракийн Төлөөлөгчдийн зөвлөл (парламент)-өөс яамд, төрийн байгууллагуудаа Курдын бүс нутагтай санхүүгийн бүхий л үйл ажиллагааг түр зогсоох тогтоол баталжээ. “Санхүүгийн ямар ч хаалт байхгүй. Бид энэхүү шийдвэрийг Курдистан дахь ард түмэнд маань нөлөөлөөсэй гэж хүсэхгүй байна” хэмээн Иракийн парламентын дарга Салим аль-Жабури мэдэгджээ.
Үүний зэрэгцээ өнгөрсөн долоо хоногт “Al Araby Al Jadeed” портал Иракийн Төв банкны эрх бүхий албан тушаалтны өгсөн мэдээлэлд үндэслэн бичсэнээр тус автономит улстай санхүүгийн бүхий л үйл ажиллагаагаа зогсоосон гэнэ. Тус сайтын мэдээлснээр Курдистаны өдөр тутмын валютын эргэлт 4-5 сая ам.доллар байдаг. Энэхүү үйл ажиллагаанаас нефтийн салбар, хүнсний бүтээгдэхүүний импорт, барилгын материал зэрэг хувийн гадаадын компаниуд ажилладаг хувийн сектор хамаардаг. Ийнхүү Төв захиргаанаас бүх нийтийн санал хураалтын хариуд Иракийн Курдистантай эдийн засгийн дайн эхлүүлж байгаа аж.
Есдүгээр сарын 25-нд болсон Иракийн Курдистаны тусгаар тогтнох тухай санал хураалтыг Ирак, Турк, АНУ эрс эсэргүүцсэн бол зөвхөн Израиль л дэмжсэн байна. Сонгуулийн хорооноос санал өгөгчдийн 90 гаруй хувь нь тусгаар тогтнохыг дэмжсэн гэж хоёр хоногийн дараа мэдэгджээ. Ирак, Турк, Ираны засаг захиргаа энэхүү санал хураалтыг эсэргүүцэж, эдийн засгийн хориг тавих, хилээ хаах, тэр ч бүү хэл цэргээ оруулна гэж сүрдүүлсэн байна.
Энэ дагуу өнгөрсөн баасан гарагт Эрбилийн нисэх онгоцны буудлаас “Zagrojet” нислэгийн компани Стамбул руу хийх олон улсын сүүлчийн нислэгээ үйлджээ. Курдын Засгийн газар Багдадад хилийн шалган нэвтрүүлэх, нисэх онгоцны буудлын удирдлагыг шилжүүлэхээс татгалзсаны дараа Иракийн засаг захиргаа олон улсын тээвэр зуучлалын компаниудыг Иракийн Курдистан руу нислэгээ зогсоохыг уриалсан байна.
Ингээд Эмиратын “Fly Dubai”, Иорданы “Royal Jordanian Airlines”, Туркийн “Turkish Airlines”, “Atlas Global”, “Pegasus”, Египетийн “Egypt Air”, Ливаны “Middle East Airlines”, Катарын “Qatar Airways”, “Lufthansa”, “Austrian Airlines” зэрэг компаниуд нислэгээ зогсоожээ.
Ираны тээвэр, замын хөдөлгөөний газраас компаниуддаа Иракийн Курдистанаас нефтийн бүтээгдэхүүн гаргахыг түр хориглосон байна. Анкара л гэхэд өнгөрсөн долоо хоногт Иракийн Курдистаны нефтийн экспортод хориг тавина гэж сүрдүүлснээ Багдадтай албан ёсоор зөвшилцсөний дараа шийдэлд хүрнэ гэжээ. Сонирхуулахад Ирак улс нефть олборлолтоороо дэлхийд дөрөвдүгээрт бичигддэг. Өдөрт 4647.8 мянган баррель нефть олборлодог тус улсын нийт нефтийн 1/3-ийг Иракийн Курдистан дангаараа хангадаг аж.
Э.МӨНХЗАЯА