ЛОНДОН./BBC/. Орос улсын Ерөнхийлөгч В.Путин Гвиней улсын Ерөнхийлөгч Альфа Конде-тэй уулзах үеэрээ “ядуу улс орнуудад туслах хөтөлбөрийн хүрээнд Африкийн орнуудын ОХУ-д төлөх 20 гаруй тэрбум долларын өрийг чөлөөлж байна” гэж мэдэгдлээ.
В.Путин цааш нь хэлэхдээ “Орос улс 2016 онд Африкийн орнуудад 5 сая долларын хүнсний тусламж үзүүлсэн” гэдгийг дурдсан байна.
Орост төлөх ёстой Африкийн орнуудын 20 тэрбум долларын өрийг цуцлах талаар 2012 онд Оросын ГХЯ-ны олон улсын байгууллагын газрын захирал В.Сергеев НҮБ-ын хуралдааны үеэр ярьж байсан юм.
Дашрамд дурдахад, 2008 оноос өмнө Орос улс Африкийн орнуудын 16 тэрбум долларын өрийг хүчингүй болгож байжээ.
Гвиней дэх Оросын оролцоо
Гвиней улсад дэлхийн бокситын нөөцийн 2/3 нь байдаг бөгөөд ЗХУ 1970-аад оны үед томоохон ордуудыг сонирхож байжээ. Оросууд “Киндигийн бокситын оффис” гэдэг олборлох үйлдвэрийг барьж байсан байна.
Одоо Гвиней улсад Оросын “Русал” гэдэг металлургийн салбарын томоохон корпораци ажиллаж байгаа бөгөөд түүний мэдэлд 564 сая тоннын баталгаат нөөц бүхий хамгийн том орд байгаа юм. Гвиней улсын Фрия хотоос холгүй орших Friguia үйлдвэрлэлийн цогцолбор 2002 онд “Русал” компанийн мэдэлд очсон ба 2006 онд бүрэн хувьчлагдсан байна.
Хэдэн жилийн өмнө Гвинейд засаг төр солигдож, гвинейчүүд “Русал” компанийн мэдэлд бокситын томоохон ордыг шилжүүлэх тухай хэлцлийн талаар зарга үүсгэсэн учраас үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогсчээ. 2012 онд талууд тохиролцоонд хүрснээр аж үйлдвэрийн цогцолбор дахин ажиллаж эхэлсэн байна.
Давуу байдал олгосны хариуд өрийг тэглэсэн нь
Оросын талын тэглэсэн өрүүдийн ихэнх нь хуучин нэрээр ЗХУ-д төлөх ёстой өр юм. 1980-аад оны үед Москвагийн эрх баригчид өөрийн холбоотнуудыг зэвсэглэх зорилгоор жилд дунджаар 25 тэрбум доллар зарлагадаж байсан гэдэг.
Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Василий Кашин ярихдаа “ энэ өр бол ихэнхдээ Зөвлөлтийн үеийн өр. Тухайн үеийн ЗХУ нь улстөрийн шалтгаанаар, эргэн төлөгдөх эсэхийг нь судлахгүйгээр тараадаг байсан мөнгө. Энэ нь Африкаар ч зогсохгүй. Монгол гэхэд 10 тэрбум гаруй долларын өртэй байсныг бараг бүгдийг нь тэглэсэн” гэлээ.
Өрийг цэвэр улстөрийн шалтгаанаар чөлөөлж байгаа бөгөөд энэ нь юуны өмнө хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улс орнуудад хамаатай гэж В.Кашин дурдав.
“Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын хувьд нөхцөл байдал арай өөр. Ельциний үед 1996 онд улс төрийн шалтгаанаар Беларусийн өрийг чөлөөлж байсан, Төв Азийн орнуудын өрийг ч мөн адил. Улс төрийн хүчин зүйлс давамгайлаад эхлэнгүүт Оросын удирдлага өрийг тэглэдэг. Гэхдээ Африкийн өрийг чөлөөлж байгаа нь үүнтэй төдийлөн холбоогүй” гэж В.Кашин тайлбарлалаа.
Африкийн өрийн тухайд, тухайн өртэй орны зах зээлд нэвтрэх эсвэл ашигт малтмалын ордыг нь ашиглах болзолтойгоор цуцалдаг аж.
“Буцааж авах боломжгүй болсон, ямар ч үнэ цэнэгүй зүйл болсон учраас эдгээр өрийг чөлөөлдөг. Харин оронд нь ямар нэгэн зүйлийг олж авдаг. Тухайлбал, Алжирын төлөх ёстой ихээхэн хэмжээний өрийг чөлөөлсний дараа тус улс Оросын зэвсгийг худалдан авах талаар Энэтхэг, Хятад хоёрын дараа гуравдугаарт орох том түнш болсон байна. Сирид дайн дэгдэхээс өмнө тус улсын төлөх өрийг чөлөөлж байсан. Тухайн үед энэ улс төлбөрийн чадвартай байсан юм. Өрөөс чөлөөлсний хариуд сиричүүд Оростой гэрээ байгуулж, зарим нэгэн зүйл худалдан авч байлаа. Ингэснээр бид ямар нэгэн хийсвэр зүйлийг бодит зүйлээр солилцож, өрийн хэмжээтэй адил их биш ч гэсэн тодорхой ашиг орлого олж байсан юм” гэж В.Кашин ярилаа.
2000-2013 оны хугацаанд Орост төлөх өр нь хүчингүй болсон улс орнуудын жагсаалт /Коммерсант сонин 2013 он/
Куба – 29 тэрбум доллар
Ирак – 12 тэрбум доллар
Монгол – 11,1 тэрбум доллар
Афганистан – 11,1 тэрбум доллар
Умард Солонгос – 11 тэрбум доллар
Сири – 9,78 тэрбум доллар
Вьетнам – 9,53 тэрбум доллар
Этиоп – 5,9 тэрбум доллар
Алжир – 4,7 тэрбум доллар
Ливи – 4,5 тэрбум доллар
Лаос – 960 сая доллар
Киргиз – 500 сая доллар
Никарагуа – 344 сая доллар
Түүнээс гадна зээлдүүлэгчдийн Парисын клубын гишүүн орнуудын байгуулсан Кельнийн хэлэлцээрийн хүрээнд 2000-2003 оны хугацаанд Орос улс Африк тивийн Танзани, Бенин, Мали, Гвиней-Бисау, Мадагаскар, Гвиней, Чад, Йемен, Мозамбик, Буркина-Фасо, Сьерра-Леон зэрэг улсуудын төлөх ёстой өрийн 60-90 хувийг хүчингүй болгож байсан юм. Зарим эх сурвалжийн мэдээллээр, 15-20 тэрбум долларын өрийг чөлөөлсөн байна.
Орчуулсан: Б.Адъяахүү