Зимбабве улсын тэргүүн хатагтай Грейс Мугабе эрх баригч Зану намын дэмжигчдэд хандивласан хуучин хувцас дунд дотуур хувцас байсныг мэдээлсэн сэтгүүлчийг баривчлуулжээ. Тус услын Newsday сонины сэтгүүлч Кеннет Нианганиг цагдаа нар энэ сарын 2-нд баривчилж 18 цаг хорьсон байна. Түүнийг олон нийтийн тав тухыг алдагдуулсан гэж буруутган эрүүгийн хэрэг үүсгэжээ. Үүнийг Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагууд Зимбабвейн эрх баригчдаас сэтгүүлчийг суллаж, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг боомилсон арга хэмжээгээ нэн даруй зогсоохыг уриалсан байна.
Их Британийн колони байсан тус улсын эдийн засаг нь элгээрээ хэвтсэн өнөө үед 53 настай тэргүүн хатагтайн тансаглал, үрэлгэн зан ядуу иргэдийнх нь бухимдал, дургүйцлыг төрүүлэх болжээ. Хатагтай Грейс нь саяхан 400,000 ам.доллараар Роллс-Ройс машин худалдан авч, Өмнөд Африкт үл хөдлөх хөрөнгө худалдан авсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлсэн нь нэр хүндээ алдах гол шалтгаан болжээ.
Зимбабве улсад сүүлийн үед ерөнхийлөгч 93 настай Роберт Мугабегийн суудлыг залгамжлах эрхийн төлөө тэмцэл ид ширүүсэж байгаа юм. Одоогийн ерөнхийлөгч Роберт Мугабег нас барах эсвэл албан тушаалаасаа огцроход засгийн эрхийг авахаар түүний эхнэр Грэйс Мугабе болон дэд ерөнхийлөгч Эммерсон Мнангагва нар өрсөлдөж байгаа аж.