Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа Москва хотын Засгийн газрын сайд, Гадаад эдийн засаг, олон улсын хамтын ажиллагааны газрын дарга С.Е.Черёминтай түүний хүсэлтээр 2017 оны гуравдугаар сарын 7-ны өдөр Москва хотын захиргааны байранд уулзав.
Уулзалтаар талууд хоёр улсын нийслэл хот хоорондын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов. Улаанбаатар, Москва хотууд ах дүүгийн харилцаа тогтоосноос хойш 60 жилийн хугацаанд эдийн засаг, боловсрол, соёл урлаг, барилга, хот байгуулалт болон бусад олон салбарт амжилттай хамтран ажиллаж ирснийг С.Е.Черёмин онцолж, уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгааг тэмдэглэв.
Түүнчлэн Нийслэл хотууд хоорондын хамтын ажиллагааны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, ойн хүрээнд соёл, урлагийн арга хэмжээг хамтран зохион байгуулах, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын ОХУ-д хийх албан ёсны айлчлалыг 2017 оны 4 дүгээр улиралд зохион байгуулах, энэ үеэр Улаанбаатар, Москва хотуудын хооронд 2018-2020 онд хамтран ажиллах тухай хөтөлбөрийг эцэслэн боловсруулах зэрэг асуудлаар ярилцав.
Элчин сайд Б.Дэлгэрмаа уулзалтын төгсгөлд Аугаа Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойд зориулан Монголын ард түмнээс Оросын ард түмэнд бэлэглэсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг ирэх Ялалтын баяраар нээхээр төлөвлөн Москва хотын захиргаатай нягт хамтран ажиллаж буйг дурдаад Москва хотын захиргаа уг асуудлаар ЭСЯ-ыг бүх талаар дэмжиж, хамтран ажиллаж буйд талархал илэрхийлэв гэж Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.