Б.Отгонбаатар: Цагдаагийн албыг ойлгож, хүндэтгэж байгаад талархаж байна

Замын цагдаагийн шаардлагыг эсэргүүцэж салаавч гарган танхайрсан Ц.Баярцогтыг шүүх хурал өнөөдөр (2017.10.03) Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Зөрчлийн хуулиар түүнд 250 мянган төгрөгийн торгууль ногдуулж, 48 цаг саатуулах болсоныг холбогдох албаныхан мэдээлсэн юм.
Замын цагдаагийн албаны Хамгаалалтын хэлтсийн цагдаа зохицуулагч, ахлах Б.Отгонбаатарыг албан үүргээ гүйцэтгэж байхад шаардлагыг нь эсэргүүцэн хэл амаар доромжилсон Ц.Баярцогтыг тухайн өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс саатуулсан байна.
Тус хэлтэс Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулинд заасны дагуу маргаантай асуудлыг баримтжуулах бичлэг хийсэн юм байна. Харин Б.Отгонбаатар өнөөдөр (2017.10.03) “Иргэд цагдаагийн албыг ойлгож, хүндэтгэх явдал нэмэгдэж байгаад талархаж байна. Мөн салбарын сайд С.Бямбацогт үнэн мөнийг тогтоон, төрийн хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэнд талархаж байгаагаа хэлжээ.
Түүнийг есдүгээр сарын 27-нд 16:00 цагийн орчимд албан үүргээ гүйцэтгэж байхад нь ланд 200 маркийн автомашины жолооч Ц.Баярцогт нь явган хүний гарцан дээр зогсож зөрчил гаргахдаа хэл амаар доромжилж байгаа бичлэг өнгөрсөн долоо хоногт олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан билээ.