Малын гоц халдварт шүлхий өвчин Дорнод аймагт дахин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Өнгөрсөн сарын эхээр тус аймагт Булган, Хөлөнбуйр суманд отроор ирсэн малаас энэ өвчин дэгдсэн бол өнгөрсөн баасан гаригт (2017.09.29) Баян-Уул сумын нутагт хоёр өрхийн 12 толгой үхэр өвчилсөн байсныг холбогдох албаны хүмүүс илрүүлэн устгалд оруулжээ.
Шинжилгээгээр өвчилсөн үхэрүүд зээрийн сүргээс халдвар авсан болох нь тогтоогджээ. Иймд аймгийн Онцгой комисс цаашид шүлхий өвчнийг дэгдээхгүй байх тал дээр анхаарч, давтан вакциныг нэн даруй хийх, малын эмч нарын дутагдлыг арилгах зэрэг асуудлаар хуралдсан байна.Тус аймаг малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг өнгөрсөн сард бүрэн хийсэн боловч халдварт өвчин дэгдсэн нь тарилгын явцад технологийн алдаа гарсан гэж тайлбарлаж байгаа аж.
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин нь 6-9 сар хамгаалдаг бөгөөд давтан тарилгыг яаралтай хийхээр болжээ.