Хувийн онгоцыг улсын хөрөнгөөр ашигласан гэх дуулианд нэр холбогдсон АНУ-ын Эрүүлийг хамгаалах ба нийгмийн албаны сайд Томас Прайс албан тушаалаасаа огцорлоо. Цагаан ордны хэвлэлийн мэдээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп экс сайдын огцролтыг хүлээн авлаа гэж мэдээлэв. Сайдын үүрэг гүйцэтгэгчээр сайдын нэгдүгээр орлогч байсан Дон Райт (Don J. Wright) томилогдоод байна.
Хэд хэдэн хэвлэлээр Прайсыг улсын хэргийг гүйцэтгэхдээ хувийн онгоцуудыг ашигласан гэх мэдээлэл гарсан байв. Тухайлбал, Politico хэвлэлийн мэдээгээр, тэр улсын төсвийн $400 мянган долларыг 26 удаа хувийн онгоцоор нисэн зарцуулсан байжээ.