АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх 11 дүгээр сард Азийн 5 оронд айлчлал хийх хувиартай байна гэж “Си-Эн-Эн/ телевиз мэдээллээ. Уг айлчлалын үеэр тэрбээр худалдааны бодлогын талаар болон Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөгжлийн хөтөлбөрийн талаар хэлэлцэх юм. Өнгөрсөн бямба гарагт Цагаан Ордноос гаргасан мэдэгдэлд Ерөнхийлөгч болон Тэргүүн хатагтай нар ирэх 11 дүгээр сарын 3-14 хүртэл Япон, Өмнөд Солонгос, Хятад, Вьетнам, Филиппин, Хавайд айлчал хийх ажээ.
Д.Трамп өнгөрсөн 1 дүгээр сард Ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш анх удаа эдгээр улсуудад айлчлах гэж буй нь энэ юм. Цагаан Ордны албаныхны хэлснээр уг айлчлалаар дамжуулан Д.Трамп АНУ-ын холбоотон улсууддаа өөрийн дэмжлэгийг илэрхийлэх ажээ. Бүс нутгийн эрх чөлөө, нээлттэй байдал нь АНУ-ын хөгжил цэцэглэл, аюулгүй байдалд маш чухал гэдгийг тэрбээр мөн онцлох болно гэжээ.
Мөн АНУ нь худалдааны түншүүдтэйгээ шударга, харилцан уялдаатай эдийн засгийн харилцааг чухалчилахыг зорьж буйг Д.Трамп мөн онцлон хөндөнө гэж албаныхан мэдэгджээ. Ерөнхийлөгч Д.Трамп мөн Пхеньяны эсрэг авч буй олон улсын шийдвэрийг бэхжүүлэх бөгөөд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох арга хэмжээ авна гэж Цагаан Ордноос мэдээлсэн байна.
Д.Трамп уг айлчлалынхаа хүрээнд Япон, Хятад, Өмнөд Солонгос зэрэг улсуудтай худалдааны бодлого болон Умард Солонгосын асуудлаар илүү нухацтай яриа хэлэлцээ хийх ажээ. Мөн энэ үеэр Вьетнамд болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт болон Филиппинд болох АСЕАН-ий дээд хэмжээний уулзалтад оролцох хувиартай байгаа юм.
Эх сурвалж: Монголын мэдээ