Улсын Их Хурлын дарга М.Энхболд ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүлээд, уламжлалт уулзалтад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, урт нас удаан жаргалыг ерөөлөө. Тэрбээр энд хэлсэн үгэндээ “Манай УИХ-ын дэргэдэх Ахмадын хорооны гишүүдийн 60 гаруй хувь нь АИХ, УБХ, УИХ-ын гишүүн байсан бөгөөд орчин цагийн Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын үндэс суурийг тавилцсан, нийгмийн шинэ харилцааны эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлэхэд гар бие оролцож, мэдлэг боловсрол, оюун ухаан, зүтгэл хөдөлмөрөө зориулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд байдаг юм. Тиймээс УИХ-ын Тамгын газар та бүхэнтэйгээ байнгын холбоотой байж, Ахмадын байгууллагаа ямагт тусалж дэмжихийг хичээдэг. Өнгөрсөн нэг жилийн дотор манай ахмадуудын дотроос 10 шахам хүн төрийн одон, медалиар шагнагдаж, 3 хүн гавьяат цол хүртсэн байна.

2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Их Хурал жил гаруйн хугацаанд ажиллаж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ахмад настны нийгмийн хамгаалал, халамжийг сайжруулах чиглэлд Улсын Их Хурлаас онцгой анхаарч ажилласан. “Ахмад настны тухай” хуулийг шинэчлэн баталж, ахмадууддаа “Насны хишиг” хүртээж эхэлсэн.  Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах шийдвэр гаргасан. Зорилтот бүлгийн 100 гаруй мянган ахмадуудад хүү, шимтгэлтгүйгээр гурван сар хүртэлх хугацааны тэтгэврийг зээлээр олгож байх эрх зүйн орчин бүрдсэн. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зориулж 1.0 тэрбум гаруй төгрөгийг зарцуулсан. Цаашдаа энэ хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлнэ. Ахмадуудын маань хуримтлуулсан туршлага, чадавхийг залуу, хойч үеийнхэнд өвлүүлэхэд онцгой анхаарна. Өнөөдөр Засгийн газраас 2018 оны төсвийн төслийг өргөн барих гэж байна. Энэ төсвийн төсөлд ахмадуудын тэтгэврийг нэмэхэд зориулж 162.5 тэрбум төгрөг суулгасан байгаа. Тэтгэврийг нэмэхдээ бага тэтгэврийг арай ахиу, өндрийг нь бага хэмжээгээр нэмье гэсэн бодлогыг Засгийн газар барьж 2018 оны төсвийн төслөө боловсруулсан. Энэ нь улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулж авч байгаа арга хэмжээ юм” хэмээн онцоллоо.

Дараа нь ахмадуудаа төлөөлөн Монгол Улсын гавьяат эдийн засагч, Ардын Их Хурлын дарга асан Ж.Гомбожав үг хэлэв. Тэрбээр хүлээн авч, хүндэтгэл үзүүлж буйд нь УИХ, Тамгын газрын удирдлагуудад талархал илэрхийлээд “Монгол төрийн нэр хүндийг өндөрт өргөх, олон нийтийн хүсэн хүлээж буй бодлого, шийдвэрийг цаг алдалгүй гаргаж, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болсон талаар манай ахмадууд санал бодлоо нэгтгэж, намайг хэлж өгөөрэй гэсэн юм” гэв. Энэ хүрээнд шинээр байгуулагдах Засгийн газрын гишүүдийг нэр хүнтэй, мэдлэг чадвартай хүмүүсээр бүрдүүлэх, болж өгвөл “дан дээлтэй” байлгах, Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн болон Монголбанкинд гарсан зөрчил, оффшор тойрсон асуудлуудыг яаралтай нэг мөр шийдвэрлэх, шүүх засаглалын үйл ажиллагааг сайжруулах, нутаг орон минь эзэнгүй шахам болж, харийнхан эзэн суухад хүрээд байна гэсэн ард түмнийхээ үгийг сонсож, арга хэмжээ авах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхдээ нийгмийн бүх төлөөллийг хамруулах, Үндсэн хууль батлалцсан 200 гаруй хүний үгийг заавал сонсох ёстой гэж тэрбээр хэллээ.

Хүндэтгэлийн уулзалтад УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Д.Амгалан, Захиргаа, аж ахуйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга П.Цэрэн болон албаны бусад хүмүүс оролцсон юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн