Монголын гурван сая иргэнийг оффшор гэх үгтэй анх танилцуулсан хүн бол С.Баярцогт. Тэрээр оффшор бүсэд буюу хуулийн гадна нэг сая ам.доллар хадгалуулсан нь баригдахад л бид ийм бүс байдгийг анх мэдсэн гэхэд хилсдэхгүй. Ерөнхийдөө оффшор бүс рүү Монголын их хэмжээний хөрөнгө нууцаар, магадгүй хууль бусаар гарсныг олон нийт мэдсэнээс хойш бараг таван жил өнгөрчихөж. Гэтэл буцаан таталт хийх, хууль бус эсэхийг нь тогтоож хариуцлага хүлээлгэх нь битгий хэл илрүүлэлт нь хангалтгүй байсаар байна.
Төрөөс мөнгө идэж эргийн гадна нуугаагүй байлаа гэхэд оффшорт мөнгөө хадгална гэдэг нь татвараас зайлсхийсэн гэх Эрүүгийн хуулийн заалттай хууль бус үйлдэл. Ямар банкаар хэний ямар мөнгийг яаж гаргав гэдгээс нь эхлээд хөвөрдвөл өөр бусад хуулийн зөрчил рүү ч хөтөлнө. Ийнхүү ээдрээ гогцоог нь тайлах гэж оролдоо ч үгүй байхад эцэстээ оффшор бүстэй холбоотой мэдээлэл бүхэн утаа болон замхардаг болж. Санаж байгаа байх С.Баярцогт сайдын нэг сая ам.доллар нэг мянгахан ам.доллар болон замхарсныг. Энэ хүн уг үйлдэлдээ хариуцлагага хүлээгээгүй. Харин эсрэгээрээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон мандсан.
Дараагийн фактыг сөхвөл жилийн өмнөөс “Оффшор бүсэд Монголын 17 тэрбум ам.доллар буюу 30 гаруй их наяд төгрөг байна. Монголын 100-200 хүн мөнгөө татвараас зугтаалган тэнд хадгалуулсан байна” гэсэн сенсаац мэдээлэл нийгмийг цочроосон. Ард түмэн л айж, гайхсаар бүтэн жилийг үдсэн болохоос АТГ болон бусад хууль хяналтын байгууллага олигтой ажиллаагүй гэдэг нь өнөөдөр тодорхой болж байна.
Яагаад ингэж хэлэх болов гэвэл 17 тэрбум ам.долларын сураг тасарч ердөө дөрвөн сая таван зуун мянган ам.доллар болж хувирлаа. Энэ тухай АТГ албан ёсоор мэдэгдсэан. 100-200 хүн эргийн гадна хөрөнгөө хадгалуулсан гэдэг нь 23 хүн болж буурлаа. Бас л АТГ-ын албан ёсны мэдээлэл. Яг С.Баярцогт сайдын сая ам.доллар нэг мянга болж замхарсан шиг. Цаашдаа энэ тоон баримтууд хэд ч болж цөөрч мэдэх нь. Эсвэл нэг ч хэрэгтэнгүй, нэг ч нууц хөрөнгөгүй байжээ гээд мэдээлэгдээд эхлэхэд олон нийт гайхах хэрэггүй болов уу.
Одоо прокурор зөвшөөрвөл 4.5 сая ам.доллар болон 23 хүний нэрийг зарлана гэсэн. Прокурор улсын нууц эсвэл хувь хүний нууц гээд үзчихвэл Монголын ард түмэн гурван саяулаа хэн, хэдэн төгрөг эргийн гадна аваачиж нуусныг хэзээ ч мэдэлгүй өнгөрнө. Ер нь АТГ-ынхан 17 тэрбум ам.долларын хаагуур нь зөрөөд хэний 4,5 сая дээр буучихсан юм бол.
Эх сурвалж: http://www.medee.mn/main.php?eid=97757