Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран зохион байгуулж буй Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн удирдлага” сургагч багш бэлтгэх сургалт дөрөвдэх өдрөө үргэлжилж байна.
Сургалтыг төслийн олон улсын зөвлөх доктор Иан Фернис Вайлдерспин удирдан явуулж байна. Сургалтанд төв, орон нутгийн Онцгой байдлын газрын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм.
Энэхүү сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нар тухайн орон нутагт олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах сургалтыг зохион байгуулж, гамшгийн эрсдэлийг үнэлэх, болзошгүй гамшгийн аюул, хохирлыг бууруулах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг бэхжүүлэх, олон нийтийн оролцоо, идэвх, санаачлагыг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.
Сургалтын хүрээнд ОБЕГ-ын бүтцийн нэгжүүдээс сургалтад оролцогчдод зориулан мэдээлэл хийж байгаа. Өчигдөр Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн “Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга, гамшгийн эрсдэлийн удирдлага, зохион байгуулалт” зэрэг сэдвээр хичээл заалаа. Мөн ОБЕГ-аас Жайка олон улсын байгууллагаас Япон улсад зохион байгуулсан сургалтад оролцогчид “Гамшгийн эрсдэлийг бууруулах Япон улсын туршлага” сэдвээр сургалт зохион байгуулсан.
ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хурандаа С.Амгалан “Япон Улсын гамшгийн менежментийн тухай”, ОНХТ-ийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаан дах хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо”, Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн дэд хурандаа Б.Баянмөнх “Bokomi сайн дурын байгууллагын үйл ажиллагаа”, Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хошууч Д.Базаррагчаа “Япон улсын гамшгаас хамгаалах бодлого, Ханшин Аважигийн газар хөдлөлтөөс авсан сургамж”, Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн дэслэгч О.Цэнд-Аюуш “Япон Улсын гамшгаас хамгаалах боловсрол” сэдвээр хичээл зааж гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр олон улсын туршлагаас хуваалцсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.