Ц.Сандуй 60 тэрбумын буянаар чөлөөнд гарснаар Нийслэлийн ИТХ-ын даргын суудалд хэн тухлах вэ гэх асуулт МАН-ынхныг талцуулж, жийлцүүлж байна. Улаан тугт ууган хүчин өнгөндөө эв нэгдэл, инээмсэглэл тодруулах ч үнэндээ эрх мэдлийн төлөөх эцэс төгсгөлгүй тулаанд өдөр шөнө, өглөө оройгүй хэрхэн тэмцэлдэж буйг, ачиртаа АН-ынхнаас ч илүү “цус” үзэж байгааг бид харж байна.

Өдгөө МАН-д намын дарга, Ерөнхий сайдын суудлаас гадна фракциудынх нь хүүхэн хараанд нь торж, арааны шүлсийг асгаруулах болсон албан тушаал нь Нийслэлийн ИТХ-ын даргын сэнтий. Нийслэлийг атгах эл албан тушаалын төлөө С.Амарсайхан, Д.Баярсайхан нар өрсөлдөж буй. Гэхдээ эдгээр утсан хүүхэлдэйнүүдийг М.Энхболд, У.Хүрэлсүх нарынх гэдгийг төвөггүйхэн мэдэх биз ээ.

Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханыг хүмүүс “Налайхын”, эсвэл “Оюуны ундраагийн”-гийн гэдгээр нь, харин улс төрийн хүрээнийхэн ХҮК-ийн хүүхэлдэй гэдгээр нь өмнөтгөл хийдэг.

Харин Д.Баярсайхан авхайг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын “хөөрхөн” гэх юм билээ. Сонгуулийн үеэр эрхэм гишүүнийг дэмжиж, дээлийн нь захыг мушгиж суудаг хуурай эгч гэдгээс үүдэлтэй ийн нэрийдсэн хэрэг. Авлигатай тэмцэх газрынхны овоо хараанд үргэлжид байдаг эл хатагтайг МАН-ын дарга М.Энхболд, Ц.Сандуй нарын хэтэвчний хээ гэх нэршил ч бас байна. Бүр нарийн мэдээлэл нь түүнийг намын даргынхаа нэг ангийн найз гэх юм билээ.

Эл хоёр эрхмийн хэн нь хэн бэ, Нийслэлийн ИТХ-ын даргын ширээн дээрх бялуу тэдний хэнд нь илүү зохих бол…

Зайсан толгойг ухсан хүнд Нийслэлийг “базах” эрх олгох нь зөв үү

НИТХ-ын төлөөлөгч, “Оюуны Ундраа” группийн захирал С.Амарсайхан Ц.Сандуйн орыг залгаж НИТХ-ын дарга болохоор хэдийнэ биеэ тоогоод эхэлчихэж. Түүнийг маргааш  буюу  энэ сарын 29-ний өдрийн Нийслэлийн хуралдаанаар дарга болгох эсэхээ шийднэ. С.Амарсайханыг хэн бэ гэдгийг улс төрийн хүрээнээс гадуурх буюу хотын иргэд төдийлөн мэддэггүй аж. Мэдэх мэр сэр нөхөд түүнийг гар хөлийн хүнээ өссөн нутаг Налайхын Засаг дарга болтол өөд татсан гэдгээс эхлээд улс төрд урагшлах замаа гайгүй сайн зассан фактуудтай нь нэрлэж байна.

Эрх зүйч мэргэжилтэй тэрбээр 10 жилийн өмнөөс л “Оюуны Ундраа” группийн гүйцэтгэх захирлын албыг хашиж  байгаад 2012 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа туршлагатай нэгэн юм. Гэвч С.Амарсайханы хийсэн ажил хэмээн хаяглагдах дорвитой ажил бас үгүй. Чоно борооноор гэдэг намын үйл хэрэг ганхаад ирэх үед албан тушаал, амин хувийн барьцаа ахиулдаг энэ мэт муу зантай бололтой. Ямартаа хэний ч танихгүй нэг группийн Хуулийн хэлтсийн даргыг Засаг дарга болтол өндөрт мандуулах вэ дээ.

Мань С.Амарсайханы буянаар нөгөө Ч.Раднаабазар нь байсгээд л нийслэл рүү гүйж Налайхыг жишиг хот болгоно гэх гоё өгүүлбэр цээжилчихсэн элдэв төсөл, арга хэмжээ, уулзалтуудыг үл алгасан гүйх болсон. Мэдээж С.Амарсайханы чиглэл, нөлөө гэж харагддаг нь ил. Горилогч С.Амарсайхан нь Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто Худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд өнгөрөгч 2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр ажиллаж байгаа юм.

Тэгэхээр нийслэлийн мөнгөний авдрыг гартаа атгаж суугаа түүний халаасны хүнд дүүргийн Засаг ноён болох шаанс тохиох нь зүйн хэрэг биз ээ. Нэгэнтээ Засаг болсон “шинэ хүн” Ч.Раднаабазарт  Налайх дүүргийг дагуул хот болгоно хэмээн томрох зориг зүрх байх нь тунчиг тодорхой. Тэгэхээр 2020 оны сонгуульд С.Амарсайхан гэгч эрхэм хэрхэн улс төрд өндрөө авахыг Ч.Раднаабазар гэх шинэ Засаг тодорхойлох нь. Өөрөөр хэлбэл, ирэх дөрвөн жилийн хугацаанд тэрбээр Налайхыг С.Амарсайханы вант улс болгох “Татар ажиллагаа”-г гардан хийхээр томилогдсон нь тодорхой.

                          Зайсан толгой С.Амарсайханы өмч үү?

 Их хүрээ бууриа зассан 1700-гаад оны үеэс л шүтэгдэн хүндлэгдэж ирсэн Зайсан толгойг ухаж данхайсан шилэн барилга сүндэрлүүлсэн эрх мэдэлтэн хэн байв гэдгийг иргэд төвөггүй нэрлэнэ. Оюуны Ундраа группээр овоглосон С.Амарсайхан нийслэлийн хараа хяналт сул, харьяалах эзэн тодорхойгүй хэсгүүдэд барилга барьж хөрөнгө оруулснаар “Оюуны Ундраагийнх” хэмээн нэрлэгдэж эцэстээ эзэн суудаг тактиктай. Энэхүү барилдаа ид амтшиж яваа залуу хөрөнгөтөн.

Үүний тод жишээ Зайсанг сэтэлж барьсан барилгаас эхлээд Налайх дүүрэгт босгосон тэдний нэршилтэй барилга байгууламжууд. “Сайн номун” нэртэй хийдийг тус дүүргийн “зүрхэнд” сүндэрлүүлж асан бядтай тэрбээр дүүгээ хийдийн хамбаар суулгаж, бас болоогүй Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн сонгуульт ажилд сэвхийтэл нь татаад амжсан. С.Амарсайханы дүү С.Нэргүй хамба гэхээр Налайхчууд андахгүй. Нийслэл төдийгүй Монгол хүн бүрт хамаарах түүх соёлын үнэт өв, томоохон дурсгалт газрын хэвлий рүү улайран дайрч ухан сэндийчсэн түүнд Зайсан толгойг хэн өмчилж өгөв.

Ганцхан энэ асуултыг асуухад л хариулт нэхэх мянга мянган асуулт араас нь хөвөрнө. Ийм л эд хөрөнгө, эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахгүй нөхөр Нийслэл гэх том айлын хойморт суучих нь хэр оновчтой бол. Улс төр дэх угшлийг нь хөөвөл У.Хүрэлсүхийн хүн гэгддэг ч юманд учир суманд гичир байх ёстой биз ээ. Ц.Сандуйн суудлыг түүнд зэхэх нь улс төр дэх ургийн модыг улам бүр сагсайлгахад том нэмэр болно. Тэгэхээр У.Хүрэлсүхийн багт нийслэлийг “базах” С.Амарсайханаас өөр хүн байж л таарна. Эс бөгөөс Ц.Сандуй шиг байсгээд л “У.Хүрэлсүхээ С.Амарсайхан чинь болохгүй байна”  гээд чихийг нь халууцуулж нэрийг нь харлуулах вий дээ.

 

Эх сурвалж: Э.ТУЛГА

By updown

2 thoughts on “Хурлын даргын бялуу хэний гэдсэнд илүү зохих вэ?”
  1. Амарсайхан зайсан толгойг хааж барьсан шилэн амбаараа нурааж,буулгаж зөөж хаячихаад эрх мэлд шуна,чамд НИТХ-ын суудал хүнддэх байхаа ийм шуналтай хүнд таарахгүй шүү.

  2. АН-ын гишүүн Отгонбаяр, МАН-ын гишүүн Амарсайхан, АН-ын гишүүн Дагвадорж, МАН-ын гишүүн Сумьяабазар, МАХН-ын гишүүн Сэржбүдээ, АН-ын гишүүн Баатархуяг, нам дамжигч Уянга мэтийн улс төрийн нам дамжиж Монгол орны улс төр нийгмийн амьдралыг гэр бүлийнхээ хувийн эрх ашгийн төлөө бусниулдаг нам дамжсан мафижсан гэр бүлүүдийг монголчууд бас бодох л цаг болсон шүү. Амарсайханаар дамжаад “Оюуны -Ундраа” ХХК-ийн ашиг сонирхол нийслэлд хэрэгжиж эхэлнэ гэсэн үг.

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн