Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтан өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэр гаргаснаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрлөө. ОУВС харин Засгийн газарт “хөтөлбөрт хамрагдах”-ын тулд суудлын автомашины онцгой албан татвар, хадгаламжийн хүүгийн орлого, импортын тамхинд ногдох гаалийн болон автобензин, дизель түлшний албан татварыг нэмэгдүүлж, орлогын удирдлагыг сайжруулан хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх саналыг тавиад байгаа.
Засгийн газар мөн ОУВС-ийн захиралуудын зөвлөлийн хурлаас өмнө 2017 оны төсөвт тодотгол оруулах, банкны салбарт хийх ёстой үнэлгээний процессыг эхлүүлэх, Монголбанкинаас санхүүжүүлдэг төсөвтэй адилтгах үйл ажиллагааг зогсоох зэрэг ажлыг амжуулах ёстой юм. Тиймээс УИХ ээлжит бус хуралдаан зарлаж 2017 оны улсын төсөвт яаралтай тодотгол хийх болов уу гэсэн хүлээлт бий болоод байгаа.
Харин УИХ-ын ээлжит бус чуулганы тов тодрохгүй сонсогдохгүй байгаа нь асуудлыг улам сонирхолтой болгож өгч байгаа бололтой. Өчигдөр (2017.03.09) гэхэд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд ОУВС-ийн Монгол дахь суурийн төлөөлөгч Нэйл Сакертай уулзаж, өргөтгөсөн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газартай тохиролцсон хэлэлцээрийн талаар лавлаж асуусан байна.
УИХ дахь МАН-ын бүлэг ОУВС-гаас тавьсан нөхцлийг ээлжит бус чуулган зарлаж биш УИХ-ын хаврын чуулган эхлэхэд хэлэлцэхээр хүлээж байгаа юм байна. Учир нь ОУВС Засгийн газарт асуудлаа ирэх сарын 10 гэхэд шийдсэн байхыг “зөвлөсөн” ба энэ хугацаанд Засгийн газар төслийнхөө усыг шахаж байгаа мэдээлэл дуулдаж эхэлээ. Юутай ч энэ төсөл батлагдвал төсвийн орлого 2017 онд 203.4, 2018 онд 476.1, 2019 онд 497.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоолол гарсан гэж Сангийн сайд мэдэгджээ.
Д.ХАЛИУН
1 comment
татвар, хураамжуудыг нэмж ард түмнээ ядууруулах гэж улайрах шаардлагагүй. Засгийн Газар өөрийн гэсэн бодолтой байж, ОУВС-ын хэлсэнийг үг дуугүй гүйцэтгэдэг боол нь болохгүй байхыг хүсье.