ОХУ-тай харилцаагаа сайжруулж, хэт даврагч бүлэглэлийн эсрэг хамтран тэмцэнэ хэмээн мэдэгдэж байсан Ерөнхийлөгч Трамп АНУ-гаас ОХУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдад Юта мужийн захирагч асан Жон Хантсманыг нэр дэвшүүлсэн байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Трампын штабынхан ОХУ-ын эрх баригчидтай холбоотой хэмээх дуулиан өрнөсөн. Үүнээс үүдэн Обамагийн засаг захиргаа ОХУ-ын цөөнгүй иргэнийг нутаг буцаасан ба хоёр улсын харилцаа тун эгзэгтэй болсон юм.
Тиймээс Трамп энэ албан тушаалд хэнийг томилох вэ гэсэн асуулт дэлхийн улс орнуудын сонирхлыг татаж байсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн саналыг Жон Хантсман өөрөө ч зөвшөөрч, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Теллерсонтой уулзаж, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын туслахтай холбоо барьсан талаар Америкийн хэвлэлүүд бичиж байна. ОХУ-д суух Элчин сайдаар томилогдож магадгүй болсон Ж.Хантсман өмнө нь Сингапур, БНХАУ-д суух Элчин сайдаар ажиллаж байжээ.
Ж.Хантсман 2011 оны тавдугаар сард Бүгд Найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэж мэдэгдсэн ч, 2012 оны нэгдүгээр сард сунгаанаас нэрээ татаж, Митт Ромниг дэмжиж эхэлсэн байна. Харин М.Ромни энэ сонгуульд өрсөлдөөд Барак Обамад ялагдаж байсан юм.
2012 онд Хантсман Обамагийн “АНУ-Оросын харилцааг “дахин шинээр эхлүүлэх” бодлогыг шүүмжилж, “АНУ Кремлийг өөрийн түнш гэж үздэг дүрийг эсгэж ирсэн. Вашингтон, Москва зэвсэглэлд хяналт тавих хүрээнд хоёр хамтран ажиллах нь чухал. Гэхдээ хоёр орны харилцааг илүү бодитой дүгнэх хэрэгтэй” хэмээн мэдэгдэж байжээ.