Монгол-Хятадын экспо хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулалтанд уламжлалт анагаах ухааны хөгжилтэй холбоотой, ач холбогдолтой нэн чухал асуудлыг хэлэлцлээ. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат оролцож хэлсэн үгэндээ, Монголын уламжлалт анагаах ухаан манай эрдэмтдийн сүүлийн 20 гаруй жилд хийсэн судалгааны ажлын үр дүнд 5000 жилийн түүхтэй, эмчилгээний энгийн аргаас эрчимтэй хөгжсөн шинжлэх ухааны мэдлэг болтлоо төгөлдөржин төлөвшиж, Монгол орны цаг агаарын эрс тэс байдал, нүүдэлчин ард түмний ахуй амьдрал, ёс заншилтай зохицсон, эрдэм мэдлэг, оюуны соёлын томоохон өв болон хөгжсөөр ирсэн байна.
Монголчуудын бүтээн бий болгосон соёлын энэхүү өв өнөөдөр ямар байдалтай хөгжиж байгааг үнэлж, эрүүлийг мэндийн салбарын хөгжилд түүний эзлэх байр суурийг тодорхойлон, хүн амд үзүүлэх уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээнд тулгарч байгаа тулгамдсан асуудлыг тодруулан хэрхэн шийдвэрлэх арга замыг оновчтой сонгон, цаашдын тавих зорилтоо зөв тодорхойлох нь чухал асуудал болж байна.ъ
1990-ээд оны эхэн үед нуугдмал байсан цөөн тооны оточ, эмч, бариач багадаа мамба дацанд хурж байсан эм, тан эмчилгээний арга мэддэг хүмүүс ертөнцийн мөнх бусыг үзэж, үлдсэн ганц нэг нь насжиж, манай уламжлалт эмнэлэг, соёлын зүйлс завсардалд орсон байлаа. Түүнчлэн уламжлалт анагаах ухаан сэргэн хөгжих эхний үед буруу ташаа ойлгож, будилан мэдэмхийрэх, дутуу үнэлэх, онол арга барил түүхэн хөгжлийн хувьд эрс ялгаатай хоёр өөр анагаахын тогтолцоог зохиомлоор эвцэлдүүлэн аргацаах, эм тангүйгээр зөвхөн зүү засал, бариа заслаар монгол анагаах ухааныг төлөөлүүлэх гэсэн өрөөсгөл хандлага илэрч байлаа. Харин өнөөдөр уламжлалт анагаах ухааны салбарын хөгжлийн баттай суурь нэгэнт тавигдаж манай улсын эрүүл мэндийн тогтолцоонд зохих байр сууриа эзэлж тодорхой хувь нэмрээ оруулж байна.
1990-ээд оноос эхэлсэн өрнө, дорнын анагаах ухааны нэгдмэлжих үйл явц нь зөвхөн Монгол Улсад бус дэлхий нийтийг хамарсан даяар (глобал) шинжтэй болж байна.
Логикийн үүднээс авч үзвэл хүний биеийн бүтэц, үйл ажиллагаа болон аливаа өвчин эмгэг үүсэж бий болох, илааршиж эдгэрэх зэрэг нь өөрийн гэсэн тодорхой зүй тогтлын дагуу явагддаг. Тэгвэл түүнийг судлах, оношлох, сэргийлэн эмчлэн засах, эм тан найруулах зэрэг биоанагаахын үндсэн асуудлуудыг өрнийн эсвэл дорнын анагаах ухааны хэмээн эрс зааглан үзэх нь учир дутагдалтай болж нэгдмэлжсэн нэг л анагаах ухааны буюу дэлхийн гуравдагч анагаах ухааны онол арга зүйн үзэл баримтлалыг боловсруулан хэрэгжүүлэх шаардлага хөгжлийн эрхээр тавигдах болсон байна.
Түүнчлэн ДЭМБ-аас УАУ-ны талаар 2002-2005 онд баримтлах стратегид “УАУ болон хувилбарт анагаах ухааныг эрүүл мэндийн тусламжийн нэг эх сурвалж, нөөц болгон ашиглах хандлага дэлхий нийтээр өргөжиж байна. Үүнтэй холбоотойгоор уламжлалт ба орчин үеийн анагаах ухааныг зүй зохистой хослуулан хөгжүүлэх бодлого, арга зүй боловсруулах, аюулгүй байдал, үр дүнтэй, чанартай байдлын хүртээмж зохистой хэрэглээг хангах асуудлыг судлан шийдвэрлэх шаардлагууд амьдралаас дэвшигдэн гарч байна” хэмээн уламжлалт ба орчин үеийн анагаах ухааныг хослуулан хөгжүүлэх асуудлыг тодорхойлсон байна гэлээ.
Монголын уламжлалт анагаах ухааны өнгөрсөн зуунуудын түүхэн туршлага, сургамж нь ХХI зуунд тус улсын эрүүл мэндийн албыг шинэчлэн хөгжүүлэх, хүн амынхаа эрүүл мэнд, амьдралын чанарыг улам бүр дээшлүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа, арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүлэхэд тус дэм болохоор барахгүй Монголын гэсэн өвөрмөц эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга нь дэлхийн улс орны анагаах ухаанд үнэлэгдэн хэрэглэгдэх цаг ойрхон байгааг чуулганд оролцогчид онцоллоо.
Эх сурвалж: ЭМЯ