Дүүргийн ИТХ, ЗДТГ, ХХҮХ, Цагдаагийн хэлтсээс хамтран Налайх дүүргийн Малчдын анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.
Зөвлөгөөнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Засаг даргын орлогч С.Тунгалаг, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга П.Энхбаяр, Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар болон холбогдох албаны хүмүүс оролцож Засгийн газар, нийслэл болон дүүргээс хөдөө аж ахуйн талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, Налайх дүүрэгт 2017 онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажил зэрэг холбогдох чиглэлээр мэдээлэл хүргэсэн юм. Зөвлөгөөнд дүүргийн 7 хорооны 270 гаруй малчид хамрагдсан бөгөөд тулгамдсан асуудлаа хэлэлцэн, цаашид дүүргийн зүгээс авч хэрэгжүүлэх бодлого шийдвэрт санал бодлоо илэрхийлж зөвлөлдлөө. Налайх дүүрэг өнгөрсөн 2016 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 55804 толгой мал тоолуулжээ.
Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр томоохон хэд хэдэн заалт тусгагдсан. Тухайлбал эрчимжсэн мал аж ахуй, мах сүүний чиглэлийн мал үржүүлэх хөдөө аж ахуйн фермерүүдийг байгуулах иргэдийн оролцоог дэмжиж ажиллах, малыг эрүүлжүүлэх, ашиг шим, үүлдрийг сайжруулах, малын гаралтай бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зэрэг зорилт төлөвлөгдсөн.
Дүүргийн 5, 6 дугаар хороо нь Городок тосгон, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газар хамаардаг бөгөөд УТХГН-ын нэрээр дүүрэгт мэдэлгүй, нэг өглөө сэрээд харахад л аялал жуулчлалын том том хашаа татаж малын бэлчээр нутаг хомсдон, газар нутаг хавчигддаг, хадлан тэжээл бэлтгэх боломж тааруу, цагаан идээний борлуулалт муу зэргийн хүндрэл бэрхшээл байгаа ч хамтын хүчээр асуудлыг ярилцаж зөвлөлдөж байгаа нь сайшаалтай хэрэг гэдгийг малчид хэлж байна.
Зөвлөгөөнөөр малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бүлэг болгон цагдаа, холбогдох байгууллагатай хамтран ажиллах сүлжээ бий болгох, залуу сайн малчны туршлага судлахаас гадна зарим малчид хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж дүүргийн ИТХ болон Засаг даргын нэрэмжит шагналаар шагнагдлаа. Мөн энэ үеэр дүүргийн аж ахуйн нэгж үйлдвэрлэгч, малчдын төлөөлөл бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гаргаж иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчиллээ гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.