Вашингтон БНАСАУ-д дайн зарласан гэх Пхеньяны мэдээллийг Цагаан ордноос үгүйсгэлээ. Ерөнхийлөгчийн засаг захиргааны төлөөлөгч БНАСАУ-ын удирдлагуудаас гарсан энэ мэдээллийг утгагүй зүйл хэмээжээ.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Хакаби-Сандерс түүнчлэн БНАСАУ Америкийн цэргийн онгоцууд тус улсын агаарын орон зайд орж ирээгүй байсан ч сөнөөх эрхтэй гэсэн саяхны нэгэн мэдээлэл шиг өдөөн хатгалгуудаа зогсоох шаардлагатай гэж анхааруулсан байна. НҮБ-ын төлөөлөгч сүүлийн үед хоёр талаас гарч буй цэрэг дайны чанартай үг хэллэг нь талуудын дунд тун ноцтой үл ойлголцол үүсгэнэ гэж анхааруулж байсан юм.

Үүнтэй зэрэгцээд Өмнөд Солонгос улс ч зөрчилдөөн орсон талууд тэвчээргүй зан гаргавал бүс нутаг дахь хурцадмал байдлыг улам нэмэгдүүлэх бөгөөд санамсаргүй мөргөлдөөнөөс болж нөхцөл байдал хяналтаас гарч болзошгүй гэж мэдэгджээ.

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Ён Хо Нью-Йоркт байх хугацаандаа “АНУ л хамгийн түрүүнд манай улсад дайн зарласан гэдгийг дэлхий дахин ойлгох ёстой” гэж мэдэгдсэн билээ. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий ассамблей дууссаны дараа Нью-Йоркоос буцахдаа “Манай улс Америкийн онгоцуудыг манай орон зайд орж ирээгүй байсан ч сөнөөх бүрэн эрхтэй” хэмээн сурвалжлагч нарт мэдэгджээ.

Энэ мэдэгдлээс хоёрхон хоногийн өмнө Америкийн онгоцууд Солонгосын дайн дууссанаас хойш анх удаа БНАСАУ-ын хил орчмоор болон тэнгисийн эрэг орчмоор үзүүлэх нислэг үйлдсэн юм. Үүний дара америкчууд хэвлэлд онгоцны нислэг үйлдсэн маршрутынхаа талаар тайлбар хийхээс өөр аргагүй болсон.

Пхеньяны хувьд АНУ-ыг дайн зарлаж байна хэмээн нэг бус удаа буруутгаж байгаа юм. БНАСАУ-ын олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ажигладаг NK News агентлагийн мэдээлснээр “дайн зарласан” гэсэн хэллэг Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлагуудын мэдээлэлд 200 гаруй удаа дурдагдсан гэнэ.

Э.ЗАЯА

By updown

One thought on “Цагаан ордон: Бид Пхеньянд дайн зарлаагүй”
  1. АНУ түрэмгийллээ зогсоо. Дайн өдөөгч империалистууд дэлхийг ямар болгосноо ухаардаггүй юм байхдаа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн