Монголын сэтгүүлзүй үүсч хөгжсөний 104 жилийн ойн өдөр (2017.03.06) Цээлийн хөндийд фото сэтгүүлчид чуулсан. Арга хэмжээг Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо зохион байгуулж, Төв аймгийн Угтаалцайдам, Цээл умын нутагт “Нүүдэл-2017” хаврын анхны фототур өдөрлөгийг хийсэн байна. МГЗНХ-ны гишүүд дэмжигчдийн дунд “НҮҮДЭЛ”/NOMAD event/ төслөөр дамжуулж эрт үеэс уламжлан ирсэн өв соёлоо сэргээн таниулах, сурталчлах зорилготой арга хэмжээнд аймгийн ЗДТГ хамтран оролцжээ.
Өдөрлөгт Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн фото сэтгүүлч С.Цацралт гэрэл зургийн 70 орчим уран бүтээлч, нийслэлээс гадна Сэлэнгэ, Төв, Дархан, Говьсүмбэр, Эрдэнэтийн гэрэл зурагчин ирсэн байна. Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-оос Шилийн гол аймгийн С.Найрамдал нарын таван гэрэл зурагчин, МҮОНТ, “UBS” телевиз болон “Өнөөдөр”, “Ардчилал” сонин, өдөр тутмын мэдээллийн сайтууд дэмжигчээр ажиллажээ. Гэрэл зурагчин Вандандоржийн БАТТУЛГА-ын гэрэл зургийн хальсанд буусан Цээл сумын нутаг ИХ Хангинахын өвөрт хаваржиж буй малчин Н.Саруулийн тэмээн сүрэг, талын нүүдэлчин амьдралын нэг өдрийг хүргэж байна.