Канадын Торонто хотноо жил бүр зохиогддог Канадын хайгуулч, олборлогчдын холбооны (PDAC) чуулга уулзалт 2017 оны гуравдугаар сарын 5-8-ны өдрүүдэд болов.
Энэхүү нэр хүндтэй олон улсын арга хэмжээний хүрээнд манай улс “Монгол: Тогтвортой байдлын төлөө нөөц боломжийг нээх нь” сэдвээр форум зохион байгуулав. Форумд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, А.Ундраа, Б.Дэлгэрсайхан, Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Р.Алтангэрэл зэрэг албаны төлөөлөгч, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын 70 гаруй төлөөлөгч, Канадын ГХЯ, Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эд Жэйгэр, Экспортыг дэмжих сан, Монгол Улсад хөрөнгө оруулан үйл ажиллагаа явуулж буй Канадын компаниуд, хөрөнгө оруулагчид болон манай форумын үйл ажиллагааг сонирхон оролцож буй гадаадын компанийн төлөөлөгчид нийлсэн 200 гаруй хүн оролцов.Тэдний 150 орчим нь мэргэжлийн хөрөнгө оруулалтын байгууллагын төлөөлөл байсан бөгөөд энэ жил Монголыг сонирхогчдын тоо хоёр дахин өссөн байлаа.
Форумын үеэр уул уурхайн салбарын чиглэлээр баримталж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Монгол Улсын Засгийн газрын бодлого, зорилтыг танилцуулж, Монголд үйл ажиллагаа явуулж буй Канадын хөрөнгө оруулалттай компаниудын одоо хэрэгжүүлж буй болон ирээдүйд хэрэгжүүлэх төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлж, Монгол Улс уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай орчин бүрдэж буйг санал нэгтэй дүгнэн сайшаав. Түүнчлэн гуравдугаар сарын 6-ны өдөр болсон Уул уурхайн сайд нарын дээд түвшний уулзалтад оролцов. Сайд нарын уулзалтад 20 гаруй орны уул уурхайн сайд нар ирсэн байна.
Торонтогийн уул уурхайн олон улсын чуулганы үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж Канадын Гадаад худалдааны сайд, Байгалийн нөөцийн дэд сайд, Экспортыг дэмжих сангийн Төслийн санхүүжилтийн газрын захирал, Торонтогийн хөрөнгийн биржийн удирдлага, Монголд хөрөнгө оруулан үйл ажиллагаа явуулж буй Канадын компаниудын удирдлага нартай тус тус албан ёсоор уулзаж ярилцав.
Гуравдугаар сарын 9-ний өдөр Монгол-Канадын дугуй ширээний долдугаар уулзалтыг Оттава хотноо зохион байгуулжээ.
Энэ уулзалтыг хоёр орны улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа, уул уурхай, барилга, дэд бүтэц, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, батлан хамгаалах, хүмүүнлэг зэрэг бүхий л салбар дахь хамтын ажиллагааны байдлыг хэлэлцэн дүгнэх, мэдээлэл солилцох, харилцааг хоёр талын бодит боломжид түшиглэн тодорхой чиглэлд хөгжүүлэх талаар санал солилцох зорилготойгоор 2003 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулсаар ирсэн юм.
Эдгээр уулзалтуудын үр дүнд манай улс уул уурхайн салбарт 20 сая долларын хөрөнгө оруулалт татах боломжийг нээж, санамж бичиг үйлдсэн байна.
85 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уул уурхайн салбарын хамгийн том, нэр хүнд бүхий энэхүү олон улсын чуулга уулзалтад 125 орны 25 мянга гаруй төлөөлөгч оролцож, 500 гаруй илтгэл хэлэлцэгдэж, уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын 900 гаруй үзэсгэлэнгийн булан, танхим ажиллажээ. Монгол Улсаас Канадын хөрөнгө оруулалттай “Эрдэнэ Ресурс Девелопмент”, “Степпе Гоулд”, Австралийн хөрөнгө оруулалттай “Занаду Майнз” компаниуд үзэсгэлэнд өөрийн булангаа нээн ажиллуулав гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.