Монголын тэшүүрийн холбооноос өнгөрөгч нэгдүгээр сард насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. Энэхүү тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн Г.Ууганбаатар допинг хэрэглэсэн болохоо өөрөө хүлээн зөвшөөрсөн. Иймд тус холбооноос түүний тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилээр хасчээ.
Мөн шинжилгээний үеэр гаргасан амжилтыг нь хүчингүйд тооцож, дараагийн тамирчинд олгохоор болсон байна. Г.Ууганбаатар тэмцээнд оролцохоос хоёр долоо хоногийн өмнө зүрхний эм уусан болох нь БНСУ-ын Допингийн хяналтын лабораториас ирүүлсэн шинжилгээгээр батлагдсан аж.
Тэмцээний үеэр Г.Ууганбаатар нь 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 1500 м, 5000 метр болон дөрвөн зайн нийлбэр дүнгээр түрүүлсэн юм.