Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Бүдүүний гүүр” гэдэг газар энэ сарын 16-нд усанд осолдож сураггүй болсон иргэний цогцосыг долоо хоногийн дараа олжээ. Талийгаач 32 настай М нь Улаанбаатар хотын харьяат бөгөөд загасчилхаар яваад амиа алдсан байна.
Түүнийг энэ сарын 23-нд өглөөний 10:10 цагт осолдсон газраас 20 км-ийн зайд буюу “Өндөр-Эрэг” гэдэг газар Онцгой байдлын албан хаагчид олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Талийгаачийг усанд осолдсон өдөрөөс хойш Онцгой байдлын есөн албан хаагч, АТА-ийн найман алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, Цагдаагийн газрын хоёр алба хаагч, ар гэрийн 15 иргэн, нийт 38 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн юм.
Одоогоор сураггүй алга болсон хоёр иргэнийг Онцгой байдлын алба хаагчид эрэн хайсаар байна. Энэ сарын 17-нд Хөвсгөл аймгийн Тариалан суманд Нүхтийн үзүүр гэдэг газар 33 настай иргэн С нь Сэлэнгэ мөрөнд осолдож сураггүй болжээ.
Мөн энэ сарын 20-нд Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багийн “Согоотын Эх” гэдэг газар тус сумын харьяат иргэн 42 настай эмэгтэй Х самар түүнэ гэж гэрээсээ гараад сураггүй алга болсон байна. Сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын таван алба хаагч, орон нутгийн 115 иргэн, нийт 120 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.