Сүрьеэ өвчин бүрэн эмчлэгддэг боловч дэлхий нийтээр сүрьеэ өвчнөөр жилд 1.7 сая хүн нас барж байна. Харин сүрьеэгийн халдвараар өвчилсөн шинэ тохиолдол жилд 9.4 сая бүртгэгддэг гэсэн тооцоог ДЭМБ-аас гаргажээ.
Манай улсад энэ өвчнөөр хөдөлмөрийн насны залуус ихэвчлэн өвдөж байна. Тодруулбал, 2015 оны статистик мэдээгээр сүрьеэгийн нийт 4270 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүнд халдвартай хэлбэрийн сүрьеэ 1814 тохиолдол илэрч, шинээр бүртгэгдсэн сүрьеэгийн өвчлөлийн 9 орчим хувийг хүүхэд, 67 хувийг ид хөдөлмөрлөх 15-44 насныхан, 55.3%-ийг эрэгтэйчүүд, 44.7%-ийг эмэгтэйчүүд тус тус эзэлсэн байна.
Анх 1882 оны гуравдугаар сарын 24-ны өдөр доктор Роберт Коч сүрьеэгийн вирусыг анх илрүүлсэн түүхтэй. Үүнээс хойш зуун жилийн дараа буюу 1982 оны гуравдугаар сарын 24-ны өдрийг “Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр” болгон зарлажээ. Энэ өдрийг угтан дэлхийн улс орнууд сүрьеэ өвчний эсрэг өдөрлөг, аян зохион байгуулж, шинэ бодлого баримталдаг.
Манай улс өнгөрсөн жил дээрх өдрийг “Сүрьеэгүй Монголын төлөө нэгдэцгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлжээ. Энэ жил сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд ямар ажил зохион байгуулж, бодлого баримтлах тухай өнөөдөр холбогдох албаны хүмүүс Эрүүл мэндийн яаманд 12:00 цагт хэвлэлийн бага хурал зохион байгуулхаар болжээ. Тодруулбал, Эрүүл мэндийн сайд, ХӨСҮТ, Глобаль сан, НЭМҮТ, СТН байгууллагууд оролцох юм байна.