Арван нярайн нэг нь эмгэгтэй төрдөг болсон. Сэтгэл эмзэглүүлсэн энэ статистик мэдээг эрүүл мэндийн байгууллагууд өгч байна. Нярайн эмгэгийн дийлэнхийг харшил болон бага жинтэй төрөлт эзэлдэг гэнэ. Агаар болон хөрсний бохирдол, ураг тээж байгаа эхийн хоол хүнсний зохисгүй хэрэглээ ирээдүйн иргэдийг эмгэгтэй мэндлэх шалтгаан болдог юм байна.
Манай улсад Эх нялхсын эрдэм шинжилгээний төвөөс өөр хүүхдийн эмнэлэг гээд байх байгууламж бараг үгүй. 1990-ээд оны нийтээрээ хямарсан нийгмийн давалгаанд эрүүл мэндийн салбар ч өртсөн. 1996 он гэхэд Монголд хүүхдийн 2500 орчим эмчтэй байсан бол ЭМШУИС тэднийг ерөнхий мэргэжлээр суралцуулахын хамт хүүхдийн анагаах ухааны талаар сурган бэлтгэдэг байжээ. Хүүхдийн эмчийн цалин бага, ажлын ачаалал ихээс мэргэжлээрээ ажиллах төгсөгч олдохоо больсон нь өнөөдөр нярайн эмгэгийг судлах, нялхасыг эмчлэх эмчгүй болоход хүргэсэн байна.
Харин энэ сарын 18-нд Корпорэйт конвеншн центрт хүүхдийн өдөр тутмын арчилгаа, шимт бодисын хэрэгцээ, зөв зохистой хооллолтын үр дүнд хүүхэд эрүүл өсч торних боломжийг хөндсөн хүүхдийн эмч нарын бага хурал болох юм байна. Энэ хурлыг хүүхдийн эмчээр нарийн мэргэшсэн Монголын анагаах ухааны докторууд удирдан явуулах чихэнд чимэгтэй мэдээ дуулдаж байна.