Сураггүй болоод жил болсон эмэгтэйн цогцосыг дулааны шугамын худгаас олжээ

Цагдаагийн байгууллагаас жил гаруйн хугацаанд эрэн сурвалжилж байсан сураггүй алга болоод буй 42 настай М гэх эмэгтэйн цогцос Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрээс олджээ. Талийгаач  гурилын ченж хийдэг, нөхөр, хүүхэдгүй ганц бие байсан бөгөөд өнгөрсөн арваннэгдүгээр сард амиа алдахаасаа өмнө Эрдэнэт хотын нэгэн баарнаас гарч такси барин гэрийнхээ гадна бууснаас хойш сураггүй болжээ.

Харин түүний цогцосыг Эрдэнэт үйлдвэрийн ажилчид саяхан дулааны шугамаа шалгах үед олжээ. Шүүхийн шинжилгээний газраас хохирогч эмэгтэйн биед хийсэн шинжилгээгээр гавлын яс нь хэд хэдэн газар цөмөрсөн, талийгаачийг онц хэрцгийгээр хөнөөгөөд нуусан болохыг тогтоогоод байна. Одоогоор хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд гэмт этгээд тодорхойгүй байгаа аж.

Орхон аймагт өнгөрөгч аравдугаар сарын дундуур  удаа дараалан үйлдэгдсэн хүн амины хэрэг, сураггүй алга болсон хэргийн хохирогчид нь эмэгтэйчүүд байна гэсэн мэдээлэл олон нийтийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан нь иргэдийг айдаст автуулах болсон юм. Үүнтэй холбогдуулан аймгийн цагдаагийн газар албан ёсны тайлбар хийж эмэгтэйчүүдийг олноор нь хулгайлах гэмт хэрэг гараагүй, сураггүй болсон долоон  иргэний зургааг нь эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн болохыг мэдээлсэн билээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн