МАН-ын тухай ярихад цаг, цаасны гарз биз ээ. Энэ нам хүссэн хүсээгүй Монгол Улсын сүүлийн 100 жилийн түүхтэй холбоотой. Сайнаар ч, муугаар ч хэлүүлсээр түүхэн үүргээ гүйцэтгээд ирсэн Монголын хамгийн том нам юм.
Тэр утгаараа МАН-д болж буй үйл явц байнга олны анхаарлын төвд байдаг юм. Энэ удаад улам илүү байна. 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудалтай болсон.
Тэгэхээр Монгол Улсын нийгэм, эдийн засагтай холбоотой бүх шийдвэрийг төр, засгийн хэмжээнд гэхээсээ түрүүлээд МАН шийдэж таарна.
Учир нь ирэх жилүүдэд засгаа хэр зэрэг сайн ажиллуулах нь Бага хурлаас тодрох Ерөнхий сайдтай шууд холбоотой
Энэ утгаар нь харвал төрийн албан хаагчид, бизнесмэнүүд, малчид, уурхайчид, ер нь хэн боловч МАН-д болж буй үйл явдлуудыг өөртөө хамааруулан харж байгаа юм. Тэд ямар байхаас та бидний амьдрал хамаарч байгаа учраас тэр.
Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш МАН нэлээд бужигналаа. Монголын улс төрийн түүхэнд болж байгаагүй үйл явц их өрнөсөн дөө. Өөр хоорондоо ч их дайтлаа. Зарим талаар хувь хүмүүсийн хоорондох зөрчил болон харагдаж байсныг хэлэх хэрэгтэй.
Шуудхан хэлэхэд хувь улс төрчийн хийгээд намынхаа нэр хүндэд сайнгүй тусгал өгсөн байх. Тэр бүү хэл зарим хэвлэлд МАН сөнөөд алга боллоо гэсэн бичвэрүүд ч гарч байлаа.
Энэ хугацаанд МАН-ын бүдүүн бүлгийн 30-аад гишүүн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаж чадсан. Одоо дараагийнх нь засаг бүрдэх гээд дуншиж байна. Өнөөдөр хуралдах МАН-ын Бага хурлаас Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд “төрөх” юм.
Хөндлөнгөөс харахад МАН-ынхан эрх мэдлийн төлөө ингэтлээ дайтаж байна гэхээр байгаа юм. Зарим нэгэнд нь тийм санаа байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ учир мэдэх хүмүүсийн тайлбарыг харвал “…том зургаараа Ерөнхийлөгчийн сонгуулийн хариуцлага л яригдаж байгаа. Ямар ч улс төрийн хүчинд ийм үйл явц байдаг.
Аливаа намын удирдлага гэдэг сонгуульд ялбал гавьяагаа хүртэж, ялагдвал хариуцлага хүлээдэг номтой. Тэр жишгээр явж МАН-ын дарга М.Энхболд ажлаа өгөхөө Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа л мэдэгдсэн. Харин Засгийн газрыг огцруулсан нь гуя дагаж хүзүү гэдэг шиг цаад, наад олон шалтгааны улмаас болсон үйл явдал” хэмээж байна.
Ингэхээр МАН-ын Бага хурлаар 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хариуцлага яригдаж таарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, МАН-ын дарга М.Энхболд намынхаа дүрмээр Их хурал дээрээ чөлөөлөгдөхөөр болж байгаа ч Засгийн газрын шинэ тэргүүнийг сонгохтой холбоотойгоор МАН-ын удирдах бүрэлдэхүүний хариуцлагын талаар хөндөгдөнө.
Одоогоор Ерөнхий сайдад Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх, Н.Энхболд нар яригдаж байна
Учир нь ирэх жилүүдэд засгаа хэр зэрэг сайн ажиллуулах нь Бага хурлаас тодрох Ерөнхий сайдтай шууд холбоотой. Ерөнхий сайдаа зав сонгох аваас сайнгүй байгаа намынхаа нэр хүндийг тогтворжуулна, дээрээс нь 2020 оны сонгуульд хэр зэрэг амжилттай оролцох нь хамаарах юм.
Тийм учраас МАН-ын Бага хурлын 331 төлөөлөгч 100 жилийн түүхтэй намынхаа ирээдүйд хамаарал бүхий түүхэн шийдвэр гаргана гэсэн үг.Ерөөс шинэ Ерөнхий сайд хэн байх вэ гэдгийг МАН-ын Бага хурлын төлөөлөгчид болж өнгөрсөн сонгуулиуд хийгээд цаашдаа энэ намын, хамгийн гол нь улс орны өмнө тулгамдсан асуудлыг хэр зэрэг шийдэх вэ гэдгээр нь л харж сонгох болж байгаа юм.
Одоогоор Ерөнхий сайдад Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх, Н.Энхболд нар яригдаж байна. Бага хуралд энэ гурван нэр дэвшигч орж өрсөлдөнө. Гэхдээ Бага хурлын төлөөлөгчид заалнаас “шинэ” хүн нэр дэвшүүлэхийг үгүйсгэхгүй. Юутай ч энэ гурван нэр дэвшигчээс дээрх шалгуурын дагуу сонголт хийх болж байгаа юм.
Нөгөө талаар сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд эвлэрэх аргагүй задарлаа гэж байсан МАН-ынхан Бага хурал ойртсон өдрүүдэд уулзалдаж эвээ олж эхэлснийг хэвлэлүүдийн мэдээллээс харж болно. Бие биеэ “нэг нүдээрээ” ч харахгүй байх гэсэн лидерүүд нь ил, далд уулзалдаж санаа бодлоо солилцоод эхэлсэн байгаа.
Тэгэхээр МАН-д өрнөсөн толхилцоон агуулгын хувьд цаг үеийн шаардлага байсан байж мэднэ. Тэрчлэн хэлбэрийн хувьд олон нийтэд таалагдахгүй явдлууд олон болсон ч МАН хэмээх 100 жилийн түүхтэй намыг сөнөөж, булшлах нь юу л бол.
Ер нь улс төрийн нам бол төрийн мэдлийн төлөөх нэгдэл шүү дээ. Зорилго нь сонгуульд ялалт байгуулахад оршдог гэчхэд онолоос холдохгүй.
Монголын улс төрийн намуудын түүхийг үзвэл 1996-2000 онд эрх барьж байсан АН-ынхан засгаараа тоглосоор юу болголоо доо. Дөрөв, таван Засгийн газар сольсон. Үр дүнд нь 2000 онд МАН үнэмлэхүй ялж байв. Өнгөрсөн 2012-2016 онд ч ялгаагүй.
АН-ынхан засгаа унагасан, өөр хоорондоо дайтсан. Орж ирсэн хөрөнгө оруулалтыг хамаа замбараагүй цацаж, өнөөдөр тэр бүхнийг хэрэг гэж үзвэл Монголын хуулийн байгууллагын шалгахад хүч хүрэлцэхэд хэцүү юм болно л гэж байгаа.
Бүр бие биеэ, бас өөрийн өрсөлдөгч гэж үзсэн улс төрчийнхөө мууг үзэж хууль хүчний байгууллагаар шалгуулж, шоронд хийж байв. Үр дүнд бас л МАН үнэмлэхүй ялсан. Энэ бол МАН-ынханд тун ойрын жишээ. Тийм учраас түүхэн шийдвэр гаргах дөхөх тусам улам нягтраад ирж байна.
Ерөөс МАН-д нэг сайн чанар бий. Хэзээнээс хадгалагдаж ирсэн, өнөөдөр ч бий. Тэр нь энэ намынхан хэрэгтэй үедээ нэгэн зүгт харж, цул байж чаддаг. МАН-ын Бага хурлын өмнөх байдал ч тийм байна.
Тэгэхээр Бага хурлаас гарах шийдвэр нь голтой байж, намаа, улсаа бодсон сонголт хийх нь тодорхой. Үүнээс гадна 331 төлөөлөгч удахгүй болох МАН-ын Их хурлын зүг, чигийг заах чухал шийдвэр гаргах юм.
Эх сурвалж: gogo.mn