Хятадын өндөр технологийн компани-стартапер “Link Space” компани 2020 он гэхэд эргэн буудаг нэгдүгээр шаттай пуужин бүтээх гэнэ. Улсын болон цэргийн бүтцийн оролцоогүй хувийн компани пуужин зөөгч шинэ “New Line 1” төслөө саяхан танилцуулсан байна. Энэхүү пуужин зөөгч нь SpaceX компанийн Flacon 9 зөөгч шиг олон удаа ашиглагдах сансрын систем бөгөөд арилжааны зорилгоор ашиглагдах юм хэмээн Spaceflightinsider портал дамжуулж байна.
“Link Space” компанийн танилцуулгаас харахад, хятадуудын хийж байгаа пуужин зөөгч олон талаараа Америкийн Falcon 9 зөөгчтэй төстэй ба эргэн буухдаа өөрийн хөдөлгүүрийг ашиглах гэнэ. Тэд америкчуудын бүтээмжийг ашиглаж буйгаа нуугаагүй бөгөөд SpaceX компанийг өөрсдийн багшаа гэж үзэж байна хэмээн мэдэгджээ.
“New Line 1” нь зөөгч нь хоёр шаттай шингэн түлш ашиглах пуужин зөөгч бөгөөд өндөр нь 20 метр, 1.8 метрийн голчтой байх аж. Энэ нь Америкийн SpaceX пуужин зөөгчөөс мэдэгдэхүйц бага. Тиймээс ч хятад инженерүүд пуужин тойрог замд ямар жингийн ашигтай ачаа гаргаж чадахыг хэлээгүй байна. Харин тэд хоёрдугаар шатны хөдөлгүүрийг эргэн буулгаж ашиглах тал дээр ажиллаж байгаа аж. SpaceX компанийн инженерүүд ч энэ чиглэлээр ажиллаад эхэлсэн юм байна.
Төсөлд дөнгөж 45 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн ба анхны туршилтыг 2020 онд хийгдэж магадгүй аж. Хятадын зохион бүтээгчид орчин үеийн сансрын зах зээлд хамгийн хямдаар ердөө л 2.25 сая долларын зардлаар пуужингийн нэг удаагийн хөөргөлт хийж байх юм.
Пуужингийн нэгдүгээр шатыг дахин дахин ашиглах учраас зардал тийм хямд байж болно гэж тэд үзжээ. Гэхдээ тойрог замд гаргах ашигтай ачааны хэмжээний талаар мэдээлээгүй учир дээрх тоог бусад өрсөлдөгч нарын зарлагатай харьцуулах аргагүй юм.