-“Тэнүүн” хотхоныхон агаар, хөрсний бохирдол дунд амьдарч байна-
Баянзүрх дүүргийн VIII хорооны Засаг дарга А.Бямбадолгор танаа дайх асуудал байна. Иргэнээ цэвэр цэмцгэр, амгалан тайван амьдрах орчноор хангаж байж үүрэгтэй төрийн хамгийн анхан шатны нэгжийг хариуцан ажиллаж байгаа эрх дарх, албан тушаалтай хүн нь та. Гэтэл таны хариуцан ажиллаж байгаа хороонд тодруулбал,“Тэнүүн” хотхоны оршин суугчид, тэнд амьдарч байгаа бяцхан үрс хогны эхүүн үнэр, авто машин засваруудын тос масло, бензин, шатахууны үнэр сэнхийсэн салхин доор, хог бараадан амьдардаг согтуу хөлчүү иргэдийн дунд тоглох газаргүй, салхилах орчингүй болжээ.
Хотхоныг тойроод солонгос, вьетнам авто засварын дөрвөн ч газар байгаа бөгөөд “Мару” гэх авто засварын газар нь хотхонтой залгаа хашаанд үйл ажиллагаа явуулдаг байна. Уншигчийн захидлын мөрөөр тус газрыг зорилоо.
Офицеруудын ордноос Улаанхуаран явах замд таван давхар дөрвөн орон сууцны корпус бүхий тус хотхоны хажууд байрлах “Мару” хэмээх солонгос авто сэлбэг, засварын газрыг холоос харвал ихээ том хүлэмж юм уу гэмээр. Ойртоод очвол юун хүлэмж. Тус засварын газрын хогноос гадна ил задгай хотхон тойрсон хэд хэдэн хогийн цэг үүсчээ. Бүгчим халууныг хэлэх үү. Овоорсон хогний эхүүн үнэр хамар цоргино.
Оршин суугчдыг бухимдуулаад байгаа гэх “Мару”-гийн хашаанд орлоо. Засварт орох ээлжээ хүлээж байгаа том жижиг арваад машинаас гадна ганц хоёр Монгол хүн тонголзон өнөөх том “хүлэмж”-ийнхээ хаалгаар нааш цааш гүйлдэж харагдав. Амралтын өдөр болоод ч тэгсэн үү засварын газрын хашаа эл хуль. Хүүхдээ салхинд гаргаж элсэн дээр тоглуулж суугаа хоёр ээжтэй уулзав. Тэд харин ингэж хэлж байна.
“Вьетнамчууд үүгээр нэлээд бий. Машин будсан химийн хортой цаас, бусад хог хаягдлаа шөнө оройн цагаар шатаах, ил задгай хаясан байдаг. Үе үе бүүр олуулаа болчихсон ууж иддэг юм уу, хашгиралдаад архидана. Хашаандаа ил задгай модон жорлонтой учраас үнэр нь бараг л гэрт үнэртдэг. Манай байранд өндөр настай, нялх нярай хүүхэдтэй айлууд их. Гэтэл шөнө оройн цагаар нь унтуулахгүй хашгиралдаж дуулалдаад өдөртөө машин тэрэг тачигнуулаад хар утааг нь саагитал нь асааж унтраадаг. Ил задгай жорлонд нь орон гэргүй, явуулын хүмүүс ч мөн бие засдаг.
Орчин цагт сая гаруй хүн амтай том хотын төвд ил задгай жорлон байгуулчихсан аж ахуйн нэгж, компани үйл ажиллагаагаа хэвийн явуулаад байж болдог үгүйг мэдэхгүй ч иргэдийн амьдрах орчинд эрүүл ахуйн талаасаа ч маш том зөрчил үүсгэж байгаа гэж бодож байна. Хүүхдүүдийн тоглоомын газартай хаяа дэрлэж жорлон байгуулсан байгаа нь хөрсний бохирдлыг бий болгож байна. Цаашлаад манай хотхны иргэд амьсгалын болон хөрс усны аюул дунд амьдарч байна” гэсэн юм.
Үнэхээр ч хөдөөд ч нүдэнд орсон хог мэт болхи харагдах болсон ил задгай жорлон тус хотхны хүүхдийн тоглоомын талбайгаас 50 метр ч хүрэхгүй хэмжээтэй ойрхон байна. Хотхны нэг давхрын тагтанд тулгаж тавьсан “Мару”-гийн агуулах юм уу гэмээр төмөр чингэлэгийн завсар хур хог үүсчээ. Булан тохой харагдвал л сариад явдаг муу зуршилтай хүн нохой хоёрын ялгадасаас эхлээд салхи шуурганд уруудсан хог бөөгнөрчээ. Түүнээс ч болсон уу, хотхныг тойрсон хэд хэдэн хогийн овоолгоос ч болсон уу “Тэнүүн” орчмын агаар үе үе эвгүй үнэртэй сэнхийх нь хэнд ч анзаарагдана.
Мөн нийтлэлийн өгүүлбэр болгонд шахуу нэр нь дурдагдаад байгаа “Мару”-гийн айлын тагттай зэрэгцүүлээд шахуу тавьсан чингэлэгээс болж нэгдүгээр давхрын айлын цонх хагарах, хулгай орох, муур нохой орогнох, хулгана шавьж үүрлэх, чийг мөөгөнцөр үүсэх, дуу чимээрхэх зэрэг ихээхэн таагүй нөхцөл байдал үүсдэг гэнэ. Уг нь тус хотхон нь дүүрэгтээ хамгийн олон нялх нярай хүүхэдтэй, ахмад өндөр настантай хэмээн бүртгэлтэй байдаг аж. Бид тус хотхны СӨХ хариуцсан даргатай нь уулзах гэсэн боловч хөдөө явсан тул эзгүй байв.
Харин Баянзүрх дүүргийн VIII хорооны Засаг дарга А.Бямбадолгортой утсаар холбогдов. Тэрбээр “Энэ талаар иргэдээс мөн авто засварын газраас ямар нэгэн санал гомдол ирж байгаагүй. Би сайн мэдэхгүй байна. Тухайн газар дээр нь очиж үзээд хариу хэлье. Ямар нэгэн гомдол санал байгаа бол зургаар нь баримтжуулаад гомдлоо бичиж ирүүлсэн тохиолдолд иргэдийнхээ хүсэлтээр ажиллана” гэв. Угтаа бол хорооныхоо асуудлыг цэгцэлнэ хэмээн уг ажилд томилогдсон А.Бямбадолгор даргад хотхоны зарим оршин суугчид хэд хэдэн удаа гомдол гаргаж байсан ч тус авто засварын газарт шаардах хуудас хүргүүлсэн гэснээс өөр хариу өгдөггүй байх юм. Хэсгийн ахлагч нартаа дуулгахаар эрх мэдэл нь ч дутдаг уу, иргэдээ гэсэн сэтгэл нь ч дутдаг уу “Би сайн мэдэхгүй” гэсэн хариулт өгдөг хэмээн үг сольсон оршин суугчид болгон хэлж байв.
“Мару”-гийн өнөөх “хүлэмж” гэж андуурам граашийн үүдэнд зогсоо чөлөөгүй ажиллах 40 гаруй насны эрээс цөөн зүйл тодрууллаа. Тэрбээр ил задгай жорлонгийн тухайд “Оршин суугчид үе үе бухимдаж нойлоо бул гэж уурладаг. Хэд хэдэн удаа бид ам зөрж байсан. Нэгэнтээ манайх томоохон аж ахуйн нэгж биш учраас төвийн бохирын шугамтай холбогдсон стандарт бие засах газартай болох боломж хомс байдаг болов уу. Манайх бохироо соруулдаг.
Дөрвөн орон сууцны бохирын асуудлыг стандарт бусаар манай хашааны аман дээр шийдчихсэн. Сая орсон хүчтэй усан бороо орохоор бохир нь халиад манай хашаагаар дүүрдэг. Хотхныхон гэлтгүй бид ч мөн агаар болоод хөрсний бохирдол дунд ажилладаг” гэлээ. Нэр хаяг нь тодорхойгүй хотхны урд “нуугдсан” тус газартай холбоотой гомдлыг хорооны Засаг дарга яагаад үл тоомсорлож өнөөдрийг болтол өөрөөсөө тойруулсаар байгааг гайхсан хүмүүс олон байна.
Тэгвэл А.Бямбадолгор даргаа, иргэдийн өвчлөлийн гол шалтгаан болоод байгаа ил бие засах газар байгуулахыг аж ахуйн нэгжүүдэд хориглочихсон байдаг. Тиймээс хориотой 00-ын асуудлыг хөхиүлэн дэмжээд байна гэж таны ажлыг дүнэх нь зөв үү.
Дашрамд дуулгахад 2014 оны статистик мэдээгээр Улаанбаатар хотод ойролцоогоор 200 мянга гаруй нүхэн жорлон, 140 мянган угаадасны нүх байна гэсэн судалгаа гарчээ. Энэ мэдээж өдгөөгөөс гурван жилийн өмнөх тоо. Энэ тоо нэмэгдсэн үү хасагдсан уу гэдгийг мэргэжлийн байгууллагынхан анхаарч суугаа. Нүхэн жорлонгоос татгалзах улс орны зорилгоос “Мару” мэтийн компани, аж ахуйн нэгжүүд хойш нь татсаар өнөөх л хөрсний бохирдол, нүхэн жорлонгийн асуудал өнөөдөр ч хуучрахгүй байна.
Эх сурвалж: niigmiintoli.mn