2017-03-09 18:071min014

Хүүхэд хулгайлах гэж байсан этгээд хэн болохыг олж тогтоожээ

1111

Энэ сарын 7-нд Сүхбаатар дүүргийн 11 хорооллоос 11 настай Т хүүг хулгайлах гэж байсан хүн хэн болохыг цагдаагийн байгууллага олж тогтоосон талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн мэдээлсэн байна. Хүүгийн аманд юм хийж байгаад баригдсан энэ хүний дүрс бичлэг гудамжны камерт үлдсэн байсан. Мөн халдлагад өртсөн хүүхдийн хэн болохыг тогтоож, мэдүүлэг авч эхэлжээ.

Сэжигтэн этгээд хүүгийн амыг эмийн гаралтай бодис шингээсэн алчуураар таглаж ухаан алдуулах гэж оролдсон байна. Хохирогч хүүг гэрийнхээ ойролцоо халдлагад өртөх үед хөрш айлын эмэгтэй тааралдаж, халдлагыг зогсоожээ. Эмэгтэй хүүг үл таних хүний гараас салгах үед сэжигтэн этгээд хэргийн газраас зугтсан байна. Халдлагын дараа хүү мансуурсан байдалтай байсан ба хамраас цус гарсан байж. Одоогийн байдлаар биеийн байдал нь сайн байгаа гэж албаныхан мэдээлэв.

Насанд хүрээгүй хүүхдээ гадуур ганцааранг нь явуулахгүй байх, таних танихгүй этгээдээс холуур тойрох, сэжигтэй хүнтэй тааралдсан тохиолдолд бусдаас тусламж гуйж байхыг хүүхдүүддээ зааж сургаарай, эцэг эхчүүдээ!