Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй Нийгэм форумтай хамтран “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтыг сар бүрийн 3 дахь долоо хоногийн пүрэв гаригийн өглөө ННФ-ын байранд зохион байгуулах болсоор 5 жилийг үджээ.
Хүний эрхийн анхаарал татсан асуудлыг төр, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, иргэд, судлаачдыг байлцуулан хэлэлцүүлдэг чөлөөт арга хэмжээний энэ удаагийн зочноор НҮБ-ын хүрээлэн буй орчин, хүний эрхийн тусгай илтгэгч Жон Ноксыг урьж оролцуулав. “Хүрээлэн буй орчин, хүний эрх” сэдвийн дор тусгай илтгэгчээс зочид асуух хэлбэрээр өрнөсөн өглөөний уулзалтаар Монгол Улс дахь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, байгаль орчинд тулгамдаад буй асуудлыг голчлон хөндөж байлаа.
Хүний эрхийн чиглэлээр манай улсад үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс уулзалтад ирж илтгэгчээс асуулт асуусан юм.
Төрийн үүрэг хариуцлагын зэрэгцээ хүний эрхийн гэрээ, конвенцид заасны дагуу олон улсын компаниуд хүний эрхийн ямар үүрэг хүлээдэг вэ? Хуулийн харъяалал өөр, үндсэн дамнасан компаниудын асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг бол?”
НҮБ-ын тусгай илтгэгч Жон Нокс: – Энэ бол маш чухал сэдэв шүү. Та бүхэн мэдэж байгаа энэ чиглэлээр маш их ажил хийх хэрэгтэй байгаа. Тэгэхээр юуны өмнө хүний эрхийн гэрээ, конвенци, хууль дүрмийг олон улсын компани, корпорациуд зөрчихөөс төр хамгаалах үүрэгтэй. Олон улсын компаниуд ийм зөрчил гаргах нь элбэг байдаг. Засгийн газар хүний эрхийн хуулиар ийм зөрчлөөс хамгаалах үүрэгтэй. Ийм үүрэг нь төр, тухайн үйл ажиллагаа явуулж буй улсын Засгийн газар үүрэг хүлээнэ. Тухайн компанийг харъяалж байгаа улсын төр бас үүрэг хүлээнэ. Тэгэхээр аль аль талынх нь Засгийн газар энэ үүргээ сайн биелүүлэхгүй байна гэсэн үг.
Засгийн газрууд энэ чиглэлээр, янз бүрийн хуулийн заалтуудыг авч үзэж тухайн эдийн засгийн аж ахуйн нэгжид нөлөөлөх үүрэгтэй. Түүнчлэн компани, корпорациуд өөрсдөө хүний эрхийг хүндлэх үүрэгтэй. Миний хамтран ажиллагч, мэргэжилтэн Жон Раги бизнес, хүний эрхийн тусгай илтгэгч байсан. Удирдах зарчмуудыг бий болгож, түүнийг нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 2011 онд баталсан. Төр болон бизнесийн хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах үүргийг хүлээн зөвшөөрсөн. Тухайн бизнесийг эхлэхээсээ өмнө хүний эрхийн нөлөөллийг үнэлж, тооцож байж эхлэх ёстой. Хүний эрхийн бичиг баримтуудад энэ тухай маш тодорхой заасан байдаг.
Харамсалтай нь хэрэгжилт хангалтгүй. Төр, бизнесийн байгууллагууд хангалттай хэрэгжүүлдэггүй. Бас нөхөн төлбөрийн асуудал байх ёстой. Олон улсын түвшинд нөхөн төлбөрийн асуудал маш хязгаарлагдмал тавигдаж байгаа. Тиймээс та бүхэн надтай холбогдож болно. Хүний эрхийн тусгай илтгэгчийн байгууллагаар дамжуулж харьцаж болно. Арга хэмжээ авах, хариуцлага тооцох боломжтой. Зарим талаар энэ нь тус болдог.
Мөн Заамар сум дахь уул уурхай тойрсон асуудлыг хөндөж ярилцахаар тус сумын иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн байлаа. Тэдний асуултад НҮБ-ын тусгай илтгэгч Жон Нокс хариулахдаа: “Маш их баярлалаа. Энэ асуудлыг миний анхааралд оруулж байгаад. Таны ярьсан асуудал бас нэг гомдолтой холбоотой юм байна. уул уурхайн төслүүд орон нутгийн иргэдтэй хангалттай зөвлөлдөхгүйгээр байгаль орчны нөлөөллийг тооцохгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа асуудал байна.
Засгийн газар байгаль орчин, хүний эрх, хүмүүсийнхээ эрхийг хамгаалахгүйгээр эдийн засаг амжилттай хөгжихгүй гэдгийг Засгийн газар ойлгох хэрэгтэй. Байгаль орчин, хүний эрх, эрх чөлөөний асуудлыг авч хэлэлцэхгүйгээр эдийн засгийн өсөлтийг хангах тухай буруу ойлголт байдаг. Тэгэхээр иргэдийнхээ эрхийг хамгаалахгүйгээр, тухайн төсөлд хамгийн ихээр эрх нь өртөх хүмүүсийн эрхийг хамгаалахгүйгээр эдийн засгийн өсөлтийг хангаж чадахгүй. Миний ажил бол Засгийн газруудад үүнийг сануулах явдал юм. Эдийн засгийн эрх ашиг нь байгаль орчин, хүний эрхийг хамгаалах эрх ашиг байх ёстой. Та бүхэн надтай шууд харилцаж болно. Таны тавьж буй асуудлын нууцыг би хадгална. Миний та бүхэнд өгөх мэдээлэл нууц биш ээ” гэснээр өглөөний уулзалт өндөрлөв.
Эх сурвалж: ХЭҮК