Францад тун удахгүй эрчүүд дэргэдүүрээ өнгөрч буй эмэгтэй рүү шүгэлдэх, түүнчлэн танихгүй эмэгтэйгээс гудамжинд утасны дугаарыг нь асуух эрхгүй болох нь ээ. Энэхүү санаачилгыг Эммануэль Макроны Засгийн газарт эрэгтэй, эмэгтэй хүний тэгш байдлын асуудал эрхэлдэг нарийн бичгийн дарга Марлен Скьяппа гаргажээ.
Одоогийн байдлаар парламентын таван гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг “гудамжны хүчирхийлэл” гэгдэх энэхүү харилцааны хууль зүйн үндэслэлийг боловсруулж байгаа бөгөөд ийм үйлдэл гаргасан хүмүүсийг шийтгэч болзошгүй байна. Францад эмэгтэйчүүд нийтийн тээвэр, гудамжинд явахдаа энэ төрлийн халдлагад байнга өртдөг болох нь санал асуулгаар батлагдсан учир үүнтэй холбоотой хууль гаргах нь зөв гэж үзжээ.
Эх сурвалж: Evening Standard