МАН-ын Бага хурал болж, дараагийн Ерөнхий сайдыг тодруулахад долоо хоногийн хугацаа үлдлээ. Ерөнхий сайдын марафонтай зэрэгцээд сайд нарынх ч бас өрнөж байна.
Өдгөө Мэргэжлийн Засгийн газрыг огцруулж байсан нөхдөд хэн Ерөнхий сайд болох нь чухал биш болоод байгаа бололтой. Учир нь Засгийн газрын одоогийн бүтцийн яам тус бүрт сайдаар очих сонирхолтой 2-3 гишүүний нэр дуулдаж байна. Тэр ч бүү хэл, нэлээд хэдэн гишүүн тус бүр 2-3 яамнаас сонгож сайд болно гэдгээ нуухгүй зарлаж явна.
МАН-ын УИХ дахь гишүүд ингэж сайн дураараа, сайдад өөрийгөө нэр дэвшүүлсэн шиг 25-ны өдрийг догдлон хүлээж байгаа юм. Нөгөөтэйгүүр олон нийтийн зүгээс дараагийн Засгийн газрын тэргүүн хийгээд тэнд ажиллах сайд нарыг ийм, тийм хүн байгаасай гээд хэлж, бичицгээж байна. Тухайлбал, ХЗДХ-ийн сайдаар Ц.Нямдорж, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар томилогдвол зүгээр гэхчлэнгийн санаа оноогоо бас уралдуулж буй.
Энэ бүхнээс, Ерөнхий сайд хэн болохоос гадна Засгийн газар ямар бүтэцтэй, хэн хэн сайд болох вэ гэдэг ихээхэн чухал нь харагдаж байна.
Засгийн газрын бүтцийн хувьд энэ байгаагаа нэмнэ үү гэхээс, хурааж хумина гэж байхгүй нь тодорхой байна. Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордон хавиар ярих нь ганц нэг яам нэмэгдэх шинжтэй. Бас одоогийн яамдыг хуваах хувилбар ч бас явж байгаа ажээ. Үүнийг шинээр тодрох Ерөнхий сайд намынхантайгаа зөвшилцөж шийднэ. Тэгэхээр энэ бол 25-наас хойш яригдаж таарна. Гэхдээ хэн хэн сайд болох вэ гэдэг тухайд өдөр, шөнөгүй л ярьж байна.
Олдоход өлдөнө гэдэг шиг 16 яамыг 65 гишүүн сайд нь болохоор сонирхож байна гээд л бодчих.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагана гэж 33 гишүүн кнопоо дарсан. Энэ 33 гишүүнээс сайд болох дуртай нэлээд хэдэн хүн байна. Мөн нөгөө талд Засгийн газрыг хамгаалж кнопоо дарсан 30-аад гишүүн бий. Тэдгээрээс ч сайдын суудлаар санаа бодлоо сольчих хүсэлтэй гишүүн цөөнгүй дуулдаж байгаа юм. Харин гаднаас сайд томилох тухай яриа хөөрөө алга. Ингэж яривал эрхэм гишүүд уурлаж мэдэхээр байна.
Одоогийн бүтцээр Ерөнхий сайдыг хасаад 15 сайдын суудал гарна. Түүнд өнөөх 33 гавьяагаа үнэлж, тал нь буюу арван хэд нь сайд болоход л Засгийн газар бүрдчихнэ. Харамсалтай нь ийм байдлаар засгаа бүрдүүлбэл Мэргэжлийн Засгийн газраас ч богино насалж мэднэ. МАН-ынхан дахиад Ерөнхий сайдын эрэлд гарч, Монгол Улсыг ч ёстой нэг завхруулж өгнө гэсэн үг.
Ер нь бол дараагийн Засгийн газар дандаа УИХ-ын гишүүдээс бүрдэж магадгүй шинж тэмдэг ажиглагдаад байгаа юм. Бараг тэгж ярьцгааж байна л даа. Үүнийг гүйцэлдүүлэхийн тулд Засгийн газрыг 100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдүүлэх буюу Ерөнхий сайдыг ч УИХ-аас тодруулна гэж байгаа юм. Энэ нь У.Хүрэлсүхэд зориулсан хаалт л даа. Эрх баригчид ийм хаалт тавихдаа даанч гарамгай гэдгийг өмнө нь харуулсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвших гэнгүүт батлагдсан хуулийн хэрэгжилтийг хойшлуулж байгаад, тэр хуулийнхаа нэг заалтын дагуу гээд хориг тавьчихаж байгаа юм. У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн биш. Тиймээс энэ “сул” талыг нь нээнтэг болгож байгаа бололтой юм.
Хамгийн гол нь үүнийг нь дагаад 100 хувь “давхар дээл”-тэй Засгийн газар бүрдэж магадгүй нөхцөл үүсээд байна. За тэгээд, У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсон ч энэ 65 гишүүний дийлэнхийн сайд хүсэл сонирхлоос Засгийн газар бултаж чадахгүй гэсэн үг.
Уг нь МАН-ынхан “давхар дээл”-ийн сайн муу, хэрэгтэй хэрэггүйг оройдоо ортол мэдэрсэн хүмүүс. ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат энэ “давхар дээл”-ээс болж яаж баалуулж байгааг энэ намынхан мэдэж л байгаа. 2014 оны дөрөвдүгээр сарын 10-нд МАН-ын генсек Ж.Мөнхбат Чингисийн талбайд “давхар дээл”-ийн эсрэг жагсаал цуглаан зохион байгуулж байсан. Энэ үеэрээ тэр юу гэж ярьж байсныг хүмүүс санаж байгаа. Ж.Мөнхбат “…Дампуурсан төр засгийн “давхар дээл”-ийг тайлуулах цуглааныг МАН сөрөг хүчнийхээ хувьд зохион байгуулж байна. Өнгөрөгч жагсаал цуглаануудыг бодвол харьцангуй олон хүн ирсэн. Индэр дээр гарч үгээ хэлж буй иргэдийн маань хэлж буй үгс амьдрал хүндэрсэн, эдийн засаг хямарсан гэдгийг харуулж байна. Энэ удаа зохион байгуулж буй жагсаалын онцлог бол Монгол Улсыг засаглалын хямралаас гарах эсэхэд хариулт авахын тулд цугласан явдал” гэж байсан юм. Харин тэрээр хоёрхон жилийн дараа УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга болсон. Ж.Мөнхбатыг ЗГХЭГ-ын даргаар томилогдоход УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат юу гэж хэлж байсныг бас л санаж байгаа. Тэрээр “…Мөнхбат аа , миний дүү хоёрхон жилийн өмнө “давхар дээл”-ийг эсэргүүцээд, жагсаж цуглаад явж байсан хүн. Одоо өөрөө өмсөх гээд сууж байна. Хүнддэхгүй юу” гэж байлаа.
Уг нь МАН 2016 оны УИХ-ын сонгуульд “…Мэргэжлийн Засгийн газар байгуулна, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлана”гэсэн амлалт өгч байсан юм. Мөн МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын дарга болсон 2016 оны долдугаар сарын 5-ны өдрийн УИХ-ын анхдугаар чуулган дээр “…УИХ үйл ажиллагаандаа Үндсэн хуульд заасан төрийн зарчмыг баримтлан ажиллах болно. Бид мэргэжлийн Засгийн газар байгуулна. Улс орноо хямралаас гаргахын тулд эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, УИХ-аар батлуулах зорилт тавьж байна” гэж байв.
Гэтэл Мэргэжлийн Засгийн газар нь байгуулагдахад хэдэн сайд нь “давхар дээл”-тэй, хэчнээн сайд нь мэргэжлийн бус байлаа даа.
Одоо харин нэгэнт цайрсан гэдэг шиг Засгийн газрын гишүүд нь бүгдээрээ “давхар дээл” өмсч булайгаа дэлгэж магадгүй болоод байна. Үүнийгээ цайруулах аргыг бас олсон байгаа юм. Ад үзэгдээд байдаг арав гаруй дэд сайдаа золигт гаргах юм байна. Үнэнийг хэлэхэд өнөөгийн төрд дэд сайдын хэрэг гэж алга. Хүлээсэн үүрэг ч гэж маруухан. Хийдэг ажил гэж бараг байхгүй. АН-ын дарга С.Эрдэнийн хэлснээр твиттер, фэйсбүүкт “жиргэж” ажлаа хийдэг дэд сайд нар хэрэггүй л юм. Тэдэнд зарцуулдаг төсвөөр багш нарын цалинг нэмэх, хүүхдийн мөнгө өгөхийн алийг ч хийж болно гэж С.Эрдэнэ хэлсэн байна. Тэр үнэн. Тэгээд ч дэд сайд гэдэг чинь хамтарсан Засгийн газрын үед хяналт тавиулахаар бий болгосон тагнуул маягийн албан тушаал байхгүй юу. Сайд юу хийж, яам яаж ажиллаж байгааг намдаа, даргадаа мэдээлэх үүрэгтэй юм. Одоо МАН дангаараа эрх барьж байгаа учраас тийм хэрэгцээ байхгүй. Тэгэхээр хийх ажил, хүлээх үүрэг гэж юу байх билээ дээ. Тийм болохоор дэд сайд нараа цомхотгочихвол ард түмэн таалж, “давхар дээл”-тэй сайд нарыг шүүмжлэх нь бага болно гэж МАН-ынхан тооцоолж байгаа юм байна. Нэг гараараа өгч, нөгөө гараараа авна гэдэг шиг л юм болох юм байна.
Эцэст нь, МАН буюу сайдын суудал хүсэгчид нэг л зүйлийг санах хэрэгтэй юм. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахдаа хэлсэн олон шалтгуудаас хамгийн том нь “…Ард түмэнд МАН-ын амласныг зөрчсөн. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэчихээд томилгоон дээрээ алдсан” гэсэн байсан. Харин одоо яригдаж байгаа бүгдээрээ “давхар дээл”-тэй болох хувилбарыг сонговол амлалтаа зөрчиж, бүхний булай болохоос гадна бүрэн бүрэлдэхүүнээрээ маргааш нь ч огцорч магадгүй шалтгаан болох юм.
Эх сурвалж:
5 comments
60н тэрбумынханаас л засагт орчихгүй бол давхар дээл ч яаамай байнаа. Луйварчдыг л зайлуулцгаая
Ардын засаг гарж Авилгалчдын засаг унанаа. Миний Монголын төрд нар гарж тэнгэр цэлмэх өдөр ирнээ луйварчдаа
МАНАН САРИНАЖ АРДЫН ЗАСАГ МАНДАХ ЦАГ ХАЯАНД ИРЖЭЭ
Ямар нэг суудлын төлөө ч бай, эх орны ирээдүйн төлөө ч бай хамаагүй. Одоо байгаа ЗГ-г огцоруулж, оронд нь ажлаа хийдэгүүд нь, МАНАН-н сүүдэр биш гишүүд гарвал хавь илүү биз. Эх орноосоо хулгай хийж, хумсалж дуусдаггүй нөхдүүд, хийсэн хэргээ хийгээгүй болгож хулчийх нөхдүүдийн сэнтийг залуу гишүүд орлон байвал хөгшин акулнуудаас ч их юм дуулгаж мэднэ.
Намын даргыг солих, Засаг унах энэ асуудал сөхөгдсөн нь их зөв болсон юм. Хэрвээ энэ асуудлууд сөхөгдөөгүйсэн бол 2020 онд МАН-д хэн ч итгэл хүлээлгэхгүй байсан.