Хоёр машин шүргэлцвэл жолооч нар цагдаа дуудах шаардлагагүй

2017-09-18 16:39
автомашин

Нийслэл орон нутагт өдөр бүр 600 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог гэх тооцоо бий. Тэдний 90 гаруй хувь нь жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан байдаг. Гэвч жолооч нарын дунд хоёр автомашин хоорондоо шүргэлцсэн тохиолдолд даатгалын компани бус замын цагдаагаар асуудлаа шийдвэрлүүлэхийг илүүд үздэг. Замын цагдаагийн албаны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатын хэлсэнээр  жолооч нар ноцтой осол гаргаагүй л бол хохиролоо даатгалын компаниар нөхөн төлүүлж, замын цагдаа дуудах шаардлагагүй гэнэ.

Замын хөдөлгөөний дүрмийн 2.2-д заасны дагуу ослын улмаас эд хөрөнгөд хохирол учирсан бол жолооч нь харилцан зөвшөөрч гарын үсэг зурсан даатгалын тохиолдлын маягтыг үндэслэн зохих журмын дагуу нөхөн төлбөр гаргуулж болно” гэж заажээ.

Харин зам тээврийн ослын улмаас хүний амь бие, эрүүл мэнд хохирсон болон даатгалын асуудлаар  оролцогч талууд маргалдвал зам тээврийн осолд холбогдсон жолооч энэ талаарх дуудлага өгч, цагдаагийн байгууллагад шийдвэрлүүлэх шаардлагатай юм байна.

Жолооч нарын хувьд  даатгалын компанид хандахаар цагдаагийн тодорхойлолт нэхэж   асуудал, чирэгдэл их учирдаг тул даатгал дуудалгүй хохирч үлддэг.  Тэгвэл тухайн даатгалын компани нь даатгалын тохиолдлыг өөрсдийн шуурхай албаар дамжуулж шалган, баримтжуулж хохирогчид нөхөн төлбөр олгож байх үүрэгтэй бөгөөд цагдаагийн тодорхойлолт шаардах ёсгүй аж. Хэрвээ чирэгдэл учруулсан бол Санхүүгийн зохицуулах хороо эсвэл Албан журмын даатгагчдын холбоонд гомдол гаргаж болох юм. Үүнээс гадна  Зөрчлийн тухай хуулинд зам тээврийн осолд холбогдсон бол даатгал дуудаж, зуун мянган төгрөгөөр торгох, таван оноо хасна гэсэн журам байхгүй болохыг холбогдох албаны хүмүүс мэдээллээ.