Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Ангела Меркель дахин Германы Засгийн газрыг толгойлох төлөвтэй – updown.mn

Ангела Меркель дахин Германы Засгийн газрыг толгойлох төлөвтэй

[starbox]

-Сонгогчдын санал асуулгаас үзэхэд Ангела Меркель дахиад дөрвөн жил Германы Засгийн газрыг толгойлох төлөвтэй байна. Гэхдээ энэ сарын 24-нд болох Бундестагийн сонгууль зөвхөн үүгээрээ олны анхаарлыг татахгүй байгаа юм-

Дэлхийн хоёрдугаар дайны дууссан цагаас хойш анх удаа бундестагт барууны үндэстнүүдийн гэх зургаа дахь намын гишүүд орж ирэх төлөвтэй байна. Үүнээс гадна энэ бол Меркелийн Засгийн газар дүрвэгчдэд нээлттэй хаалганы бодлого баримтлахаа зарлаж, үүний үр дүнд тус улсад 900 мянга орчим дүрвэгч орж ирсэн 2015 оны цагаачдын хямралаас хойших анхны бүх нийтийн сонгууль. Тухайн үед Меркель энэхүү асуудлыг цэгцэлж чадна гэж мэдэгдэж байлаа. Энэ асуудлаас болж канцлерын тэргүүлдэг Германы Христийн ардчилсан холбоо сонгогчдынхоо тодорхой хувийг алдсан билээ.

Энэ сонгууль яагаад чухал вэ?

Германы улс төрийн амьдралд томхон өөрчлөлт гарч байна. Улс төрийн амьдрал илүү задарч, энэ сонгуульд лалын шашин, цагаачлалын урсгалыг эсэргүүцдэг “Германы альтернатив” хэмээх барууны нам гишүүдийн тоогоороо бундестагт гуравдугаарт орох магадлалтай байна.

Тус улсын өнгөрсөн парламентын сонгуулиар уламжлалт Христийн ардчилсан холбоо, Христийн социалист холбооны эвсэл, Социал демократ нам, Линке болон ногоотнууд гэсэн дөрвөн нам л суудал авч байсан билээ. Тэгвэл энэ удаад бундестагт Германы альтернативаас гадна Чөлөөт ардчилсан нам шинээр орж ирж, зургаан нам суудал авах магадлалтай байна. Сонгуульд нийт 34 нам өрсөлдөж байгаа юм.

Ирэх сонгуульд Европт ч чухал нөлөөтэй. Герман улс Европын холбоонд чухал үүрэг гүйцэтгэдэг, тус холбооны төсөвт санхүүгийн хувьд хамгийн их хувь нэмэр оруулдаг билээ.

Цагаачлалын хямралын сэдэв юу болов?

Энэ сэдэв алга болоогүйгээр барахгүй намууд сонгуулийн өмнөх аяныхаа үеэр цагаачлал, орогнол олгох, хүчээр гаргах зэрэг бүхий л цогц асуудлыг хэлэлцэж байв.

Германы Focus мэдээллийн сайт хүртэл саяхан цорын ганц болсон телевизийн халз мэтгэлцээнээр энэ сэдэв нь Ангела Меркель, түүний гол өрсөлдөгч Социал демократ намын дарга Мартин Шульц нарын мэтгэлцэх цорын ганц сэдэв байсанд гомдолложээ. Тус сайтын сэтгүүлчид “Энэ улсад дүрвэгчдийн асуудлаас өөр асуудал байхгүй хэрэг үү” гэж хүртэл бичсэн байна.

Хамгийн гол нь цагаачлалын тухай маргаанаас болж Ангела Меркельд өгөх сонгогчдын үнэлгээ өөрчлөгдсөнгүй. Анхандаа Сирийн дүрвэгсдэд үүдээ нээж өгсөн Засгийн газар 2016 онд Кёльнд Хойд Африкаас ирсэн цагаачид нутгийн эмэгтэйчүүд рүү бөөнөөрөө халдсанаас болж, тэднийг бөөнөөр нь албадан гаргана хэмээн хатуу байр суурь баримтлах болсон.

Сонгуулийн өмнөх аянаар нийгмийн тэгш бус байдал, тэтгэмж, боловсрол, дотоод аюулгүй байдал зэрэг бусад чухал сэдвүүд ч хөндөгдөж буй. Тиймээс ч Социал демократ намын Мартин Шульц шударга цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэх, дунд сургуулиудын нөхцөлийг сайжруулах зэрэг асуудлыг хэлэлцэхийг хүссэн билээ. Магадгүй 2014 онд Германы холбооны боловсролын төсөв Европын холбооны дунджаас бага байсан нь олны гайхширлыг төрүүлэх биз ээ.

Меркель ялах нь баталгаатай юу?

Одоохондоо үгүй. Яагаал гэвэл Германд хэнд саналаа өгөх байр сууриа тодорхойлоогүй хэдэн сая хүн бий. Мартин Шульцын үзэж буйгаар ийнхүү хэлбэлзэж байгаа хүмүүсийн тоо нийт сонгогчдын бараг тал орчим буюу 46 хувь нь гэнэ.

Гэхдээ санал асуулгуудаас үзэхэд социал демократууд Христийн ардчилсан холбоо, Христийн социалист холбооноос бүхэл бүтэн 14 хувиар бага саналтай яваа тул Шульц эдгээр хэлбэлзэж буй хүмүүсийн саналыг авч чадах нь тун эргэлзээтэй. Тэрбээр теле мэтгэлцээний үеэр итгэл төгс байж чадаагүй бөгөөд Меркелийг хоёр дахиа дуэльд дуудсан нь бүтэлгүйтсэн юм. Бас нэг асуудал нь социал демократууд сүүлийн дөрвөн жилд Засгийн газрын эвслийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байсан. Тиймээс Шульцын цорын ганц найдвар нь сонгуулийн өмнөхөн сонгогчдын байр суурь гэнэт өөрчлөгдөхийг л хүлээх үлдээд байна.

Меркелийн хувьд Германы эдийн засаг өсөлттэй байгаа гэдэг нь гарт нь байгаа чухал хөзөр. Өөрөөр хэлбэл тус улсын ДНБ өсөлттэй байгаа бөгөөд Засгийн газар зарлагаасаа илүү орлого олж байгаа билээ.

Засгийн хуваарилалт хэрхэн өөрчлөгдөх вэ?

Мартин Шульц Христийн ардчилсан холбоо, Христийн социалист холбооны “их эвсэл”-д шинээр эвсэх сонирхолгүй байгаагаа сүүлийн үед үгээр илэрхийлэх болсон. Ингэсэн тохиолдолд Меркельд өөр хувилбар бий. Тухайлбал, түүнд гурван янзын хувилбар байна.

Нэгдүгээрт, хар шар эвсэл буюу Христийн ардчилсан холбоо, Христийн социалист холбооны эвсэл чөлөөт ардчилагчидтай эвсэж болно. Ийм эвсэл 2009 оноос либералууд сонгуульд томоохон ялагдал хүлээсэн 2013 он хүртэл Германы засгийн эрхийг барьсан. Хоёр нам бундестагт хангалттай суудал авсан нөхцөлд энэхүү эвсэл дахин бүрдэх боломжтой.

Хоёрдугаарт, хар улаан Христийн ардчилсан холбоо, Христийн социалист холбоо Социал демократ намтай эвсэж, 2005-2009, 2013 оноос өнөөг хүртэл Германыг удирдаж буй засгийг бүрдүүлж болно.

Гуравдугаарт, Христийн ардчилсан холбоо, Христийн социалист холбоо чөлөөт ардчилагчид, ногоонтнуудтай нэгдэж, Ямайкийн далбааны өнгөтэй эвсэл бүрдүүлж болно. Яг ийм эвсэл Шлезвиг-Гольштейн мужид байдаг.

Харин Мартин Шульц тэргүүтэй социал демократууд сонгуульд амжилттай оролцсон тохиолдолд хэдий хоорондоо харилцаа муутай ч  ногоонтнууд болон Линкегээс дэмжлэг авах шаардлагатай болно. Харин Социал демократ нам чөлөөт ардчилагчид, ногоонтнуудтай эвсэх магадлал тун бага. Үүний оронд Ангела Меркелийн намтай эвсэх нь илүү тохиромжтой аж.

Германы альтернатив намын магадлал

Алиса Вайдель, Александр Гауланд тэргүүтэй үндсэрхэг Германы альтернатив нам хамгийн сүүлчийн санал асуулгаар 12 хувийн дэмжлэгтэй явна.

Германы Гадаад хэргийн сайд Зигмар Габриэль хүртэл дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа жинхэнэ нацистууд бундестагт орж ирэх хэтийн төлөвтэй боллоо хэмээн мэдэгджээ. Тэгвэл энэ нь зүгээр ч нэг сонгуулийн өмнөх үг байв уу?

Германы альтернатив нам нь цагаачлалын эсрэг, ялангуяа лалын эсрэг хатуу байр суурь баримталдаг. Тэд лалын шашныг Германы соёлтой хослохгүй гэж үздэг.

Тэгвэл энэхүү намыг үүсгэн байгуулагчдын нэг Александр Гауланд германчуудад түүхээ санахыг уриалж байна. “Бид дэлхийн хоёр дайны явцад герман цэргүүдийнхээ явуулсан амжилтаар бахархах эрхтэй” хэмээн тэрбээр хэлжээ. Түүнчлэн Гауланд Цагаачлал, дүрвэгсдийн асуудал хариуцсан комиссар, сайд Айдан Озогусыг эх орон руугаа буюу Турк руу ээж аав дээрээ оч гэж шаарджээ. Өнгөрсөн жил тэрбээр хар арьст хөлбөмбөгчинтэй хөрш байхыг хүсэхгүй байна гэж хүртэл м мэдэгдэж байсан юм.

Намын тэргүүн Алиса Вайдель сонгуулийн кампанит ажлын үеэр араб, цыгануудыг доромжилсон цахим захидал тараасан гэгдэж буй. Харин Вайдель уг баримтыг худал хэмээн мэдэгджээ. Тус намын өөр нэг идэвхтэн Фрауке Петри өнгөрсөн онд цагдаа нарыг шаардлагатай тохиолдолд Герман руу хууль бусаар нэвтрэхийг оролдсон цагаачид руу гал нээх ёстой хэмээсэн байна.

Германы сонгуулийн тухайд…

Германд 18-аас дээш насныхан санал өгөх эрхтэй. Парламентын сонгууль нь дөрвөн жилд нэг удаа, пропорциональ, мажоритари холимог системээр болдог. Ингээд 61.5 сая орчим сонгогч бүр хоёр санал өгөх эрхтэй бөгөөд сонгуулийн санал хураалтыг хоёр жагсаалтаар явуулдаг.

ХБНГУ сонгуулийн 299 тойрогт хуваагдаж, тойрог бүрээс нэг нэр дэвшигч бундестагт сонгогддог байна. Намын жагсаалтаар 16 олон мандаттай тойргуудад санал хураалт явагддаг. Холбооны газар нутаг болгон тусдаа олон мандаттай тойрогтой бөгөөд үүнээс хүн амынхаа тоотой нийцүүлсэн тодорхой тооны гишүүд сонгогддог.

Энэ удаагийн сонгуульд 4828 хүн нэр дэвшиж байгаа бөгөөд тэдний 29 хувь нь эмэгтэйчүүд. Зөвхөн ногоонтнууд болон зүүнийхний дунд эмэгтэй нэр дэвшигчдийн тоо 50 хувьд хүрчээ. Хамгийн өндөр настай нэр дэвшигч нь 89 настай бол хамгийн залуу нь 18 настай гэнэ.

 Эх сурвалж: ВВС

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн