Британийн хууль сахиулах байгууллагынхан өчигдөр (2017.09.16) Лондоны метронд гарсан алан хядах ажиллагааг мөрдөн шалгах ажлын хүрээнд 18 настай залууг сэжиглэн саатуулжээ. “Парсонс Грин” станцад энэ сарын 15-нд тэсрэх бөмбөг дэлбэлсэн сэжигтэн этгээдийг Кент гүнлэгийн Дувр хотын боомт орчмоос илрүүлсэн байна.
Тус станцын Лондон явах чиглэлийн галт тэрэгний сүүлчийн вагонд дэлбэрэлт болж, 29 хүн гэмтэж, шархадсан билээ. Гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг бүрэн гүйцэд дэлбэрээгүйн ачаар хүний амь нас эрсдээгүй гэнэ. Цагдаа нар халдлагад холбоотой өөр этгээдүүд байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.
Тус хотод сүүлийн жил гаруйн хугацаанд дөрөв дэх удаагийн халдлага гарч байгаа нь энэ аж. Иймд Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй болзошгүй аюулаас сэргийлж, атомын цахилгаан станц зэрэг стратегийн ач холбогдол бүхий обьектуудыг тусгай хамгаалалтад авахыг үүрэгджээ.