Засгийн газрыг огцруулсантай холбогдуулан Олон улсын валютын сан Монгол улсад хэрэгжүүлж байсан хөтөлбөрөө зогсоосон мэтээр сүүлийн үед зарим хэвлэлээр гарах болсон. Үүнд Тус сангийн суурин төлөөлөгч Нэйл Сакераас албан ёсны тодруулга авлаа.
-ОУВС-гийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өгнө үү?
-Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц их сайн байгаа. Хөтөлбөр үндсэн хоёр хэсэгтэйг мэдэж байгаа байх. Нэгдүгээрт, эдийн засгийг тогтворжуулах. Хоёрдугаарт, урт хугацаанд тогтвортой өсөлтийн бааз суурийг бүрдүүлэх. Энэ хоёр зорилт хоёулаа хангагдаж байгааг хэлэхэд таатай байна. Эдийн засгийн байдал тогтворжлоо. Эдийн засагт итгэх итгэл эргэн ирж байна. Монгол Улсын хөгжлийн банкны бондын эргэн төлөлтийг Засгийн газрын бонд шинээр гаргах замаар амжилттай шийдвэрлэж чадсан. Төгрөгийн ханш харьцангуй тогтворжиж байна. ДНБ нэлээд өндөр хувьтай өсч эхэллээ. Энэ бүхэн нааштай өөрчлөлтүүд болж байна. Үүнтэй зэрэгцээд Засгийн газраас бүтцийн шинэчлэлийн олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, урт хугацаанд тогтвортой өсөлтийн суурийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Энэ өсөлт нь хүртээмжтэй байхаас гадна өнгөрсөн хугацаанд гарч байсан агшилт- тэлэлтээс ангид байх ёстой
-ОУВС-гийн хөтөлбөр зогссон гэсэн сүүлийн үеийн мэдээний талаар тайлбар хэлнэ үү.
-Хөтөлбөр хэрэгжсэн хэвээр байгаа. Хөтөлбөрийн хэрэгжилт сайн байгаа гэж дээр хэлсэн. Засгийн газар огцорсонтой холбоотойгоор энэ оны 9-р сарын сүүлээр хийгдэх ёстой байсан үнэлгээний хэлэлцүүлэгийг шинэ засгийн газар байгуулагдах хүртэл хойшлуулах шийдвэр гарсан. Учир нь хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн бодлогын зорилтуудыг шинэ Ерөнхий сайд, Сангийн сайд дэмжиж байгаагаа албан ёсоор мэдэгдэх ёстой. Мөн хөтөлбөрийг цаашид амжиллтай хэрэгжүүлэх талаар засгийн газартай ярилцах хэрэгтэй байна. Шинэ Засгийн газар удахгүй байгуулагдана гэж хүлээж байна.
-Тэгэхээр хөтөлбөр өмнөхийн адил хэрэгжинэ гэж ойлголоо. Хөтөлбөр зогсох тохиолдлууд байдаг уу?
-Хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах үнэлгээний хүрээнд эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн зорилтот түвшинг тогтоодог. Тухайлбал, нэгдсэн төсвийн нийт алдагдал, Монголбанкны гадаад валютын нөөц гэх мэт. Хөтөлбөр өнөөг хүртэл амжилттай хэрэгжиж байгаа учраас хөтөлбөр зогсох нөхцөл байдал харагдахгүй байна. Харин ч Монгол улс хөтөлбөрийн хүрээнд тохирсноос илүү өндөр үр дүнд хүрч чадаж байна. Яг одоогоор хөтөлбөр зогсох магадлал, эрсдэл харагдахгүй байна. Макро эдийн засгийн гүйцэтгэлийн үр дүн их сайн гарч байна. Засгийн газраас бүтцийн шинэчлэлийн арга хэмжээнүүдээ эхнээс нь хэрэгжүүлээд явж байна. Одоо эхлэх намрын чуулганаар үүнтэй холбоотой хэд хэдэн хууль эрх зүйн баримт бичгийн төслүүд орж, хэлэлцэгдэх учиртай. Тэгэхлээр одоогоор бүх зүйл эерэг төлөвтэй байна. Хэрвээ харилцсан тохиролцсон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээгүй бол ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөс учир шалтгааныг нь тодруулж, шаардлагатай бол хөтөлбөрийг зогсоодог. Гэхдээ Монгол улсын хувьд ийм зүйл болохгүй гэж бодож байна.
-Хэвлэлээр гарч байгаа өөр нэг мэдээлэл бол Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай шинэ ажилд шилжсэн явдал юм. Энэ нь Монголд хэрэгжүүлж байгаа хөтөлбөртэй ямар нэгэн байдлаар холбоотой юу? Ямар нэгэн шалтгаан байсан уу? Үүн дээр тайлбар өгөхгүй юу.
-Үнэн хэрэгтээ, Коши Матайтай холбоотой хэвлэлд гарсан мэдээллээс эсрэг үнэн зүйлийг хэлмээр байна. Коши Матай удирдах албан тушаалд дэвшиж, Азийн эдийн засагт судалгаа шинжилгээ хийдэг хэлтсийг удирдах болсон. ОУВС-д судалгаа шинжилгээний ажил маш чухал тэргүүн зэргийн ач холбогдолтойд тооцогддог. ОУВС-гийн ажилтан бүр нэг улс дээр гурав орчим жилийн хугацаанд ажилладаг дотоод журамтай. Коши Матай Монгол улстай ажиллах хугацаа нь дууссан. Тэгээд байгууллагын тогтсон дүрмийн дагуу өөр ажилд шилжсэн бөгөөд албан тушаал дэвшсэн болохыг би зориуд тэмдэглэхийг хүсч байна
Улс төрийн тогтворгүй байдал ОУВС-гийн хөтөлбөрийн хэрэгжилтэнд нөлөөлж болно. Гэхдээ Монголын улстөрд болж байгаа өнөөгийн үйл явдлууд нь нэг нам дотор явагдаж байгаа бөгөөд ОУВС-гийн хөтөлбөрийн талаарх зөрүүтэй байр суурь гэхээс илүүтэйгээр хувь хүмүүстэй холбоотой гэж харж байна. Тэгэхлээр нэг хэсэг нь ОУВС-гийн эсрэг нөгөө нь дэмжээд байгаа үзэл бодлын зөрөлдөөн биш юм. УИХ-ын гишүүдийн дийлэнх олонхи ОУВС-тай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй гэж санал өгчэдийн засгийн бодлого, арга хэмжээний тухайд харилцан зөвшилцөлд хүрсэн байсан. ОУВС-тай тохирсон хөтөлбөр Монголын Засгийн газрын боловсруулсан эдийн засгийг сэргээх хөтөлбөр дээр суурилсан. Тэгэхлээр одоогоор хөтөлбөрийн талаар эсрэг байр суурь гарч ирээгүй гэж бодож байна. Цаашдаа засгийн газрын бодлогын байр суурь хэвээрээ үргэлжлэн гэж харж байна. Шинээр томиогдох Ерөнхий сайд, Сангийн сайдтай хамтран ажиллахад бэлэн байна.