Аливаа улс үндэстэний сүсэг бишрэл туйлширалд хүрэхээрээ балаг дагуулдаг гэдгийг Бурхан Халдун ууланд тохиолдсон гунигт хэрэг харууллаа. Эцэг өвгөдөөс уламжлан эдүгээ хүрсэн ёс заншил маань “сэхээнд” орсоны тод жишээг Монгол эрчүүд батлах шиг болов.
Монголчууд эртнээс хаврын тэргүүн сарын шинийн 1-нд Шилийн богд, Алтан-Овоо зэрэг эртний шүтлэгтэй уул усаа зорьж ургах нараа угтан хийморио сэргээдэг уламжлалтай. Ингэхдээ арц уугиулж, архи, сүү өргөж ирсэн. Гэтэл энэ заншил сүүлийн жилүүдэд улам доройтож хайрхан уулаа харин ч нэг “хогийн сав” болгож орхидог нь анхаарал татахгүй байх аргагүй.
Энэ жил Гал тахиа жилийн анхны нартай золгох гэж Бурхан Халдун уулыг зорьсон эрчүүд өмнөхөөсөө өссөн байв. Харин тэд эзэн Чингисийн өлгий нутаг хэмээн зорьж очсон ууландаа сүүний хайрцаг, архи, ундааны шил лааз, хадаг, тавгийн боов зэргээрээ хур хог ихтэй мэт хогийн цэг босгоод иржээ. Энд тэндгүй хөглөрөх хог ноохой бэлдэж хаячихаад эрийн хийморио сэргээлээ гэвэл эндүүрэл шүү эрчүүдээ.
Гунигтай нь өнгөрсөн амралтын өдрүүдээр сар шинээр Бурхан халдунд “заларсан” балагтай эрчүүдийн орхиж хаясан арц, хүж, зулнаас гал алдаж ой галд автах аюулд нүүрлэсэн байх юм. Найман зуун дамжин монголчуудын шүтэж ирсэн уул түймэрт үйх гэж байхад “Mongolian pajero club”–ийн 30 гаруй залуу, найман иргэн байгаль хамгаалагч нар унтраасан байна билээ.
Манайд нүүрлэсэн сүсэг бишрэл, тэнэглэлийн гайг Тайландчууд бас амссан байх юм. Үүнтэй төстэй заншлаас болоод Тайландын нэгэн усан оргилуурт байдаг яст мэлхийн бие муудан хагалгаа хийлгэсэн байна. Эмч нар өнгөрсөн даваа гаригт (2017.3.6) түүний ходоодноос 915 ширхэг зоос гаргажээ.
Бэнк нэртэй яст мэлхийд Чулалонгкорн Их сургуулийн таван мэс засалч дөрвөн цагийн хугацаанд ажилласны дүнд зооснуудыг гаргасан аж. Тус улсад усан оргилуурт зоос шидэх нь аз авчирдаг, яст мэлхий рүү зоос шидэх нь урт наслуулдаг гэдэгт итгэдэг гэнэ.
Гэтэл мөнөөх зооснууд яст мэлхийний гэдсэнд 5 кг жинтэй зоосон бөмбөлөг үүсэж, амь насанд нь аюул учруулав. Монгол ба Хонгконг тэнэглэл, хүний мухар сүсэг, буруутай үйлдлээс болж байгаль дэлхий, амьтад хохирч байна хүмүүс ээ. Нэгийг бодох болоогүй гэж үү!
Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ