Малайзын нисэх буудалд алагдсан Хойд Солонгосын удирдагчийн ах Ким Жон Намын хүү Ким Хан Солын дүрс бичлэг өнгөрсөн мягмар (2017.03.07) гаригт интэрнэтэд байршив. “Миний нэр Ким Хан Сол, Хойд Солонгосын иргэн, Кимийн гэр бүлийн гишүүн” гэж өөрийгөө танилуулсан хүү Хэдхэн хоногийн өмнө миний эцэг алагдсан. Одоогоор би ээж, охин дүүгийн хамт байна…” гэхчлэн ярьжээ.
Ким Хан Сол өөрийгөө мөн гэдгийг батлахын тулд паспортоо үзүүлсэн байна. Гэхдээ камерт ойртуулах үед паспортны хувийн мэдээлэлтэй хэсгийг хаажээ. Дүрс бичлэгийг Хойд Солонгосын дүрвэгсдэд туслах зорилготой иргэний байгууллага хийж, “Хойд Солонгосын ард түмэнд” гэсэн гарчигтай нийтэлсэн байна.
Өмнөд Солонгосын Ёнхап агентлагийн мэдээлснээр дүрс дээр байгаа залуу Ким Хан Сол мөн гэдгийг Үндэсний Тагнуулын Газар баталсан гэнэ. Ким Хан Сол одоогоор Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дараа Кимийн дэглэмийг залгамжлан удирдах цорын ганц хүн болоод байгаа.
Эцэг нь Хойд Солонгосын тагнуулынханд алагдсан гэгдэж байгаа тул Ким Хан Солыг дараагийн халдлагын бай болж магад гэж зарим ажиглагчид үзэж байгаа юм. Ким Жон Намын гэр бүл Макаод БНХАУ-ын хамгаалалтад байгаа гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Эх сурвалж: Korea Times